Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаанууд эхэллээ. Баярын өдрүүд хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базаан, үзэсгэлэн худалдаа, томоохон худалдааны төвийг зорьдог. Бид ууц, цагаан идээ, хэвийн боов, бэлэг дурсгалын үнийг судлахаар “Амар байна уу” болон Хүннү Молл-д байрлаж буй цагаан сарын үзэсгэлэнг зорилоо.
Бидний эхний зогсоол бол “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа. Тус үзэсгэлэнг эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Шинэ 100 айл” төвд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй бизнес эрхлэгчид түрээсийн төлбөргүйгээр оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэргийг борлуулж байгаа юм. Гаднаа зай, талбай ихтэй авто зогсоолтой. Зогсоол нь үнэгүй.
Гадаа талбайд зарим худалдаа эрхлэгчид цагаан идээ, ууц, хөлдөөсөн жимсгэнэ худалдаалж байв. Тэдний нэг нь Ж.Эрдэнэжаргал. Баянхонгор аймгаас ирж цагаан идээгээ худалдаалж байгаа аж. “Долоодугаар сараас эхлэн цагаан идээгээ хурааж эхэлсэн. Ямар нэгэн хольцгүй, сайхан ааруул бий гэв. Үнийн хувьд ааруул 20-35 мянган төгрөгийн үнэтэй” гэлээ.
Ингээд бид дотогш орлоо. Хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, хувцасны хэсэг гэж ангилж байрлажээ. Цэлгэр талбайтай, цэвэрхэн орчинтой харагдав. Цагаан идээ худалдаалж буй хүмүүс ихэнх нь малчид. Архангай аймгаас 60 гаруй малчин цагаан идээгээ худалдаалахаар тус үзэсгэлэнг зорьж иржээ.
- Хорхой ааруул 28-35 мянга
- Хэвтэй ааруул- 35-40 мянга
- Урт хэвтэй багц ааруул- 340-360 мянга
- Аарц килограмм нь- 6-10 мянган төгрөг
- Өрөм- нэг килограмм нь 25-35 мянган
- Монгол шар тос-35-40 мянга
- Цөцгий – 25 мянган төгрөгийн хооронд байв.
Бид Хүннү Молл-д байрлах цагаан сарын үзэсгэлэнг зорилоо. Олон төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд харагдав. Орос чихэр, цагаан идээ, үндэсний дээл хувцас зэрэг дотоодын болон импортын бараа худалдаалж байсан юм.
- Таван төрлийн чихэртэй ааруул- 30-35 мянга
- Хэвтэй ааруул- 35-40 мянгын үнэтэй байлаа.
Олон төрлийн бүтээгдэхүүн байсан ч нүдэнд туссан лангуу бол Хэнтийн аймгийн тариаланч н.Чулуунбилэгийн бүтээгдэхүүн байсан. Сумандаа 2000 гаруй чацарганын мод тарьж ургуулдаг байна. Найман сарын сүүлээр чацарганаа хурааж, чихэр, нэрмэл, охь зэрэг бүтээгдэхүүн боловсруулдаг. “Чацаргана жимсгэнэ улирлын чанартай учир бүтээгдэхүүнүүдээ удаахгүй худалддаг. Багцаараа 35 мянган төгрөгийн үнэтэй” гэв.
Тус арга хэмжээнд үйлдвэрийн хэвийн боовнууд харагдана. Үнэ болон амт чанарын тухайд:
- Гандангийн хэвийн боов: 5000-7000 төгрөг. Орцонд нь орсон шар тос их орох тусмаа үнэ өсдөг бол, бага орсон бол үнэ хямд байдаг аж.
- Сүлжмэл боов- 5000-6000 төгрөг
- Өгөөмж архад- 4500-5000 төгрөг
- Гүрмэл боов 5000- 6000 төгрөг
- Тавгийн суурь еэвэн 18- 25 мянган төгрөгийн хооронд байв.