Япон улсад энэ оны эхээр “Airbus A350” онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөн дэлбэрэлт болоход 379 зорчигч, экипажийнхаа хамтаар эсэн мэнд гарч чадсаны гайхамшиг нь аврах ажиллагаа байв.
Аврах ажиллагаа 90 секунд орчим хугацаанд үргэлжилсэн нь бараг нүд ирмэх хугацаанд аврах ажиллагаа болсон гэсэн үг. Дээрх хугацаанаас хэтэрбэл амьд гарах магадлал багасах байсан биз.
Харин Монголд аврагчид эндсээр…
Хамгийн сүүлийн тохиолдол газ ачсан автомашин дэлбэрэх үеэр Онцгой байдлын албаны гурван аврагч амиа алдсан бол шинэ он гарахын өмнөхөн цэл залуухан аврагч орон сууцанд гарсан галыг унтраах үеэрээ амиа алдсан.
Хэдийгээр аврагчид гамшиг ослоос ард иргэдээ аврах тангараг өргөсөн ч амиараа төлөх ёсгүй. Харамсалтай нь, аюулгүй ажиллагааны бэлтгэл сургуулилалтад тогтмол хамрагддаг эсэх нь тодорхойгүй, тусгай техник хэрэгсэл муутай аврагчдаа “аз нь” мэдэг гээд аюул гамшиг руу явуулдаг нь эцсийн дүндээ амиа алдах эрсдэл рүү түлхэж байна уу гэлтэй.
Цаашдаа аюул осолтой зөвхөн эр зориг, залуу насны ааг омгоор тэмцдэггүйг хаа, хаанаа хүлээн зөвшөөрч, хамгийн сайн сургалтын тогтолцоог бий болгон, аврагч нараа бэлтгэж, амь насыг нь хайрлахгүй бол тангараг өргөсөн, тушаал авсан нэрийн дор аврагч нараа алдсаар байж таарахгүй.
Газ ачсан автомашин дэлбэрсэн ослыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Монголд урьд өмнө энэ төрлийн том осол гарч байгаагүй” гэж мэдэгдэнэ лээ. Энэхүү тайлбараар бол эхлээд заавал том осол гарах ёстой, тэрний дагуу онцгой байдлын албаныхан бэлтгэл сургуулилалт хийж, аюулгүйн ажиллагаа хангах ёстой ч юм шиг. Ажил хариуцаж буй дээд дарга нь ийм нэг зүрх зүссэн тайлбар хэлээд л сууж буй.
Нэг үеэ бодвол онцгойгийнхныг хувцас хэрэглэлээр сайн хангадаг болж… Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Гал унтраах ажиллагаанд өмсдөг алба хаагчдын иж бүрэн хувцас обьектын буюу ахуйн хүрээний, ой, хээрийн гал түймрийн гэж ангилагддаг. Хувцасны хамт хэрэглэгдэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмж, бидний хэлдгээр байлдааны сүх, нэг бүрийн хэрэгсэл, дуулга малгай гээд хамгаалах тусгай хувцасны стандартад ордог. Энэ гурван төрлийн стандартын хамгаалах хувцсыг иж бүрэн хэрэгсэлтэй нь өмсөх журамтай. Гал түймэр унтраах үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал түймэр унтраах дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжийг дагаж мөрдөх стандарт, нормын дагуу оролцдог. Хар өнгөтэй нь БНХАУ-д, шаргал өнгийн хувцас нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн. ОХУ-аас худалдаж авч байгаа шаргал өнгөтэй хувцас нь хөвөнтэй дотортой, зуны улиралд дотрыг салгадаг. Тус хувцасны гаднах материал нь +400 хэмд тэсвэртэй, үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй. Баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмж, баллонтой. Шахсан агаарын баг хэрэглэж байна.
Энэ баг нь хүчилтөрөгчийн цэвэр агаараар амьсгалж байгаа учраас ачаалал авах хэмжээнээс шалтгаалаад дунджаар 40 минут ажиллана. Нийт алба хаагчдын 80 хувийг эдгээр хувцсаар хангасан.
Аврагч өөрийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр гал унтраах ажиллагааг гүйцэтгэх дүрэмтэй. Гал түймэр унтраах үйл ажиллагаа явагдсаны дараа дүрэм, журам, тактикийн алдаа гарсан эсэхээ ярилцдаг. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий обьект, өндөр барилга, ил задгай газарт гарсан гал түймэрт ямар хошуу, хоолойг яаж хэрэглэхийг гал түймэр унтраах цусаар бичигдсэн дүрэмд заасан байдаг. Гал унтраах болон шуурхай албаны машины жолооч нар гадаа тогтмол үүрэг гүйцэтгэдэг учир өвлийн хээрийн хувцастай байдаг. Объект дотор гал унтраах бол иж бүрэн хувцсыг өмсдөг” гэсэн мэдээллийг өгсөн.
Гэхдээ аврагчдаа сургаж, ямар ч осол аваар гарсан түүнтэй тэмцэж чаддаг, аюул ослоос өөрсдийгөө аваад гардаг чадварт сургах нь туйлаас чухал байна.
УИХ намрын чуулганаа завсарлуулахын өмнө Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан.
Уг зээлийн хэлэлцээр батлагдсанаар Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт болон хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болгож, сургана. Үүний нэгэн адил гал унтраагчид болоод аврагч нарыг сургаж, мэргэшүүлэх шаардлага байна.
Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд анхааруулах болсон.
Уг нь Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдөлсөн үед хэрхэх талаар олон нийтийг хамруулсан дадлага сургуулилалтыг өнгөрсөн хугацаанд хийсэн ч энэ төрлийн гамшиг нүүрлэхэд тэд бэлэн үү гэдэгт үнэндээ эргэлзээ төрж буй.
Учир нь, өнгөрсөн хугацаанд гарсан осолд онцгой байдлын албаны аврагчид амь насаа алдсан нь ийн болгоомжлол төрүүлж эхлээд байна. Иймээс газ дэлбэрэхэд, газар хөдлөхөд аврагч, гал сөнөөгч нар яаж ажиллах ёстой юм бэ гэдэгт олон улсын сургалт авч, хүмүүсээ дадлагажуулах нь хамгаас чухал юм.
Нөгөөтэйгүүр, цалин хангамжийг нь нэмэгдүүлж, нийгмийн баталгааг нь хангахад анхаарахгүй бол сарын сая төгрөгийн цалингаар амьдралаа залгуулна гэдэг амаргүй.