Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Цахим орчинд “Мэргэжлийн хүмүүс оролцоогүй, Тээврийн цагдаагийн алба нийтийн тээврийн маршрутыг гаргасан” гэдэг агуулгаар ихээхэн шүүмжлэл өрнөсөн явдлыг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаатай ярилцах үеэрээ тодруулан асуусан юм.
Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, ТЦА, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Манай нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтарч байгаа. Гэхдээ дээрх байгууллагуудтай хамтарсан гэхээс илүү бидний төлөвлөлтөд дэмжлэг үзүүлж байгаа гэх нь зүй. ТЦА, Замын хөдөлгөөний удирдлагын төв бидэнд нэгдүгээр эгнээг чөлөөлөх, автобусыг тус эгнээгээр түргэн шуурхай хуваарийн дагуу явуулах зэрэгт дэмжлэгтэй байгаа. Яг хамтарч хийсэн ажил бус дэмжлэг үзүүлж байгаа хэрэг л дээ. Учир нь Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос гарсан зөвлөмжийн дагуу нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч манай үйл ажиллагааг дэмжиж байгаа” гэлээ.