Монгол Улс агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэж цахилгаан тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн тогтвортой тээврийн форум” олон улсын хуралд оролцож байгаа бөгөөд тэрээр өнөөдөр “Сайд нарын форум” салбар хуралдаанд оролцож, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, Монгол Улсын засгийн газраас зам тээврийн салбарт баримталж буй бодлогыг танилцуулж, үг хэллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тавьсан илтгэлдээ “Дэлхийн тогтвортой тээврийн форум”-ыг зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газарт талархлаа илэрхийлээд, Монгол Улсын Зам, тээврийн яамнаас энэхүү форумд ихээхэн ач холбогдол өгч тогтмол оролцож ирсэн бөгөөд өнөөдөр тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй ногоон технологи, тэг ялгаралтай ногоон тээврийн үйл ажиллагааг нэвтрүүлэх шийдлийг хамтран тодорхойлохоор хүрэлцэн ирсэн гэдгээ тодотгон хэлж байлаа.
Тэрээр “Дэлхий дахины, тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутгийн үйлдвэрлэл, худалдааны өсөлт, эдийн засгийн тэлэлттэй шууд холбоотойгоор бүс нутгийн тээврийн салбар – улам бүр өргөжин тэлж байна.
Тээврийн салбар өргөжин тэлэхийн хэрээр хүлэмжийн хийн ялгаралгүй, нүүрстөрөгчгүйжүүлэх дэвшилтэт, техник технологийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна. Иймд Монгол Улсын Засгийн газар Монгол Улс Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын Хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” хэмээн заасан байдаг. Засгийн газрын2024-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.
Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүс нутгийн интеграцид тодорхой хувь нэмэр оруулахуйц, транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Ази–Европыг холбосон авто зам болон төмөр замын коридор, тээвэр, логистикийн төв, хуурай боомтыг байгуулах, хилийн боомтуудын холболт, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр нэн тэргүүний зорилт тавин ажиллаж байгааг дуулгасан юм.