АНУ болон Их Британийн зэвсэгт хүчин Йемен улсад байрлах Хусит бүлгийн байршлуудад агаарын цохилт өгч эхэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Йемений нийслэл Санаа болон Худейда болон Улаан тэнгисийн боомтод цохилт өгчээ.
Газын зурвасын дайн эхэлсний дараа Йемен дэх Хусит бүлэг арван нэгдүгээр сард Улаан тэнгис дэх Израилыг зорин явж буй тээврийн хөлөг онгоцнууд руу халдана гэдгээ мэдэгдсэн. Улаан тэнгис бол дэлхийн усан тээврийн 15 хувь өнгөрдөг худалдааны өндөр ач холбогдол бүхий бүс.
Ийм учраас тус бүсэд АНУ, Их Британийн тэнгисийн цэргийн алба байршиж хуситуудын дайралтыг таслан зогсоож байсан юм. Тэгвэл одоо Хусит бүлгийн үйл ажиллагаа явуулдаг Йемений байршлуудад агаарын цохилт өгч эхэллээ.
Твиттер дээр Йеменд оршин суудаг чөлөөт сэтгүүлч Али аль-Сакани “Санаа, Саада, Дамар, Худейда дахь хуситуудын байрлалд агаараас цохилт өгсөн гэж нутгийн иргэд надад мэдэгдлээ” гэж бичсэн байна.
“Associated Press” агентлаг АНУ-ын алба тушаалтнуудыг иш татаж мэдээлэхдээ логистикийн төв, агаарын хамгаалалтын систем, галт зэвсгийн агуулахуудыг онилсон гэжээ.
Хусит бүлгийн албан тушаалтан Абдул Кадер аль-Мортада мэдэгдэл гаргахдаа “Йемений эсрэг Америк-Зионист-Британийн түрэмгийлэгчид нийслэл Санаа болон Худейда, Садаа, Дамар хотод хэд хэдэн удаа халдлаа” хэмээсэн байна.
Пүрэв гарагт /2024.01.11/ тус бүлгийн ахлагч Абдул Малик аль-Хусит “Америкийн аливаа дайралтыг зүгээр өнгөрөөхгүй. Бид хорин дрон болон хэд хэдэн пуужингаар хийсэн халдлагаасаа илүү хүчтэй дайралт эхлүүлнэ. Израилыг зорьж буй хөлөг онгоцнуудыг онилохоос ухрахгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC