АНУ-ын арми ням гарагт /2024.01.14/ Йемен дэх хэд хэдэн байршил агаарын цохилт өгсний дараа Хусит бүлэг хүчтэй хариу барина хэмээжээ. АНУ, Их Британийн хамтран явуулж буй агаарын цохилт нь Ойрх Дорнодод үүсээд буй Израил, Хамасын дайныг хурцатгах эрсдэл болж байгаа юм.
Баасан гарагт /2024.01.12/ анх цохилт өгсний дараа Йемений нийслэл Санаа хотод АНУ болон Израилыг буруушаасан уриа лоозон барьсан олон зуун мянган хүмүүс жагсаал хийжээ.
Йеменд байрладаг Хусит бүлэг арван нэгдүгээр сарын дундаас Улаан тэнгис дэх Израилыг чиглэсэн хөлөг онгоцнууд руу халдахаа мэдэгдсэн. Түүнээс хойш хуситууд 30 гаруй халдлага үйлдсэн байна.
АНУ-ын хамгийн сүүлд өгсөн агаарын цохилт радарын байгууламжийг онилжээ. Хусит бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Абдулсалам “Reuters” агентлагт хэлэхдээ агаарын цохилтууд Улаан тэнгис дэх үйл ажиллагаанд нь нөлөөлөхгүй гэжээ.
Харин Пентагон баасан гарагт хоёр улсын хамтарсан агаарын цохилт үр дүнтэй байсан хэмээжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбийн хэлснээр АНУ, Их Британийн арми хуситуудын дрон хадгалах, хөөргөх, удирдах байгууламжуудыг онилж байгаа юм.
НҮБ-ын Йемений асуудал эрхэлсэн тусгай элч Ханс Грундберг холбогдох талуудыг Ойрх Дорнодод үүсээд буй асуудлыг дордуулахгүй байхыг хичээн, хүлцэнгүй хандахыг уриалсан байна.
Баасан гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр ОХУ-ын элчин сайд Василий Небензиа “АНУ, Их Британи мөргөлдөөнийг (Газын зурвас дахь) бүс нутгийн бусад улсад тархахад хүргэлээ” гэжээ.
Эх сурвалж: Reuters