АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенатын хоёр намын бүлэг $118 тэрбумын төсөл дээр санал нэгдсэнээ өчигдөр танилцуулжээ.
Үүнд Украин, Израильд үзүүлэх зэр зэвсгийн тусламж болон АНУ-ын хилийн хамгаалалтыг сайжруулах хөрөнгө багтсан байна.
Тухайлбал Украинд $60 тэрбум, Израильд $14.1 тэрбум, Улаан тэнгисийн тээврийн замын аюулгүй байдлыг хангахад $2.44 тэрбум, Ази тив дэх холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангахад $4.83 тэрбумын хөрөнгө тусгажээ.
Үүнээс гадна АНУ-ын хил дээр цагаачлах хүсэлт гаргагчдын ачаалал эрс нэмэгдсэн тохиолдолд цагаачдыг нэн даруй буцаах эрхийг ерөнхийлөгчид олгохоор болсон байна.
Хууль бус цагаачдын асуудал энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хурц сэдэв болох төлөвтэй байгаа. Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг тэргүүлж буй Дональд Трамп тус улсын өмнөд хил дээрх нөхцөл байдлыг “эзлэн түрэмгийлэл” хэмээн тодорхойлж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сенатын танхимын тохиролцсон төслийг шуурхай хэлэлцэж, дэмжихийг Конгрессын нийт гишүүдэд уриалжээ.
“Хоёр нам үндэсний аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд үүнд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд гарч байгаагүй хамгийн хатуу, шударга хил хамгааллын шинэчлэлийг багтаасан болно. Би уг тохиролцоог бүрэн дэмжиж байна” гэж тэр мэдэгдсэн юм.
Сенат дахь Ардчилсан Намын бүлгийн тэргүүн Чак Шуммер “Хоёр намын бүлгийн энэ тохиролцоо нь Америкийн хилийн чанадад болон хилийн дагуу үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон алхам юм. Энэ бол Америкийн ирээдүйн хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангахын тулд Конгрессын олон хилийн хугацаанд дэвшүүлсэн хамгийн чухал хууль тогтоомжийн нэг байх болно” гэж мэдэгджээ.
Сенатын танхим шинэ хуулийн төслийг Лхагва гарагт хэлэлцэж, батлах төлөвлөгөөтэй байгааг тэр мэдээлсэн байна.
Гэхдээ Конгрессын аль аль танхимд хил хамгааллын бодлоготой холбоотой маргаан зөрчил их байгаа тул хуулийн төсөл батлагдах үйл явц бэрхшээлтэй тулгарах магадлалтай байгаа.
Тухайлбал Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер, Бүгд Найрамдах намын төлөөлөгч Майк Жонсон өчигдөр NBC сувагт ярихдаа Сенатын танхимын тохиролцоонд төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдахчуудын цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ тусгагдаагүйг анхааруулжээ.
“Цагаачлалын урсгалыг зогсоох ёстой гэдгийг бид хэлж байгаа” гэж Жонсон энэ үеэр ярьсан байна.
Эх сурвалж: Aljazeera