Пакистаны нэг хотод саяхан уурсаж бухимдсан хэдэн зуун хүн нэг эмэгтэйг барьж шийтгэхээр цугларсан байна. Уг эмэгтэй араб бичгээр чимэглэсэн даавуугаар даашинз оёж өмссөн байжээ.
Цугларсан хүмүүс эмэгтэйг Коран судрын эшлэлээр чимэглэсэн хувцас өмсөж, Исламын шашныг доромжилсон гэж андуурсан юм байна.
Азаар цагдаа нар эмэгтэйг шийтгэлээс аварч чаджээ. Түүний даашинзын хээ нь “Халва” буюу араб хэлээр “үзэсгэлэнтэй” гэсэн үг байсан байна.
Исламын шашныг доромжилсон аливаа үйлдэл Пакистанд үхлийн ялтай байдаг. Ийм хэрэгт холбогдсон хүнийг хүмүүс өөрсдөө хуулиас гадуур шүүх явдал түгээмэл.
Ням гарагийн үдээс хойш Пунжаб мужийн төв Лахор хотын нэг рестораны гадна хэдэн зуун хүн цуглараад байгаа тухай мэдээллийг цагдаа нар авчээ.
Тухайн ресторанд араб бичигтэй даашинз өмссөн эмэгтэй хооллож байсан байна.
Цагдаа нарыг ресторанд очиход гадна нь 300 орчим хүн цуглаад байжээ.
Эмэгтэйг цагдаа нар ресторанаас дагуулж гарах үед цугларсан хүмүүс “шашныг доромжилсон хүний толгойг авах хэрэгтэй” хэмээн хашхиралдаж байсан гэнэ.
“Үнэндээ даашинз дээр юу бичсэнийг мэдэх хүн тэнд байхгүй байлаа” гэж цагдаагийн ахлагч Сиеда Шербано ярьжээ. Цагдаа нар цугларсан хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дараа эмэгтэйг дагуулж гарсан байна.
Эмэгтэйг цагдаагийн хэсэгт авчирсны дараа судлаачдаар даашинз дээр бичигдсэн үг Коран судартай холбоогүйг батлуулж, энэ тухай видео тайлбарыг тараасан байна.
Мөн буруудсан эмэгтэй уучлал гуйж буй бичлэгийг тараажээ.
“Надад ямар ч буруу санаа байгаагүй. Гэхдээ энэ миний алдаа. Та бүхнээс уучлал гуйж, дахин ийм алдаа гаргахгүйгээ амлаж байна” гэж эмэгтэй ярьсан байна. Лахор хотод дэлгүүр хэсэхээр ирээд байсан эмэгтэй тэр өдрөө цагдаагийн хамгаалалт дор буцсан гэнэ.
Өнгөрсөн оны наймдугаар сард зүүн Пакистаны Жаранвала хотод хоёр эрэгтэй Коран судар сүйтгэсэн хэрэгт буруудсаны улмаас уурссан хүмүүс тус хот дахь хэд хэдэн Христийн сүмийг галдан шатааж байжээ.
Эх сурвалж: BBC