Мэргэжлийн сүмогийн Хацү башёг тэргүүлж явсан Асанояама өнөөдрийн/2024.01.22/ барилдаанд барилдах боломжгүй болжээ. Тэрбээр нэг ч унаагүй, долоон даваатай башёг тэргүүлж байсан ч өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодсон билээ. Тус барилдааны үеэр Асанояама шагайндаа бэртэл авсан гэнэ.Түүний дэвжээний багш Такасаго “Түүний шагай хавдчихсан. 2-3 өдөр юу болохыг харъя” гэв. Ямартай ч бэртэл нь гайгүй бол башёг үргэлжлүүлэх аж.
Асанояама өнгөрсөн арваннэгдүгээр сарын Кюүшү башёг мөн хөлний булчингийн бэртлийн улмаас долоон хоног өнжсөн билээ. Өдгөө 29 настай озэки асан Асанояама хоёр дахь удаагаа эзэн хааны цомыг өргөхөд ойртоод буй.
Асанояама өнөөдрийн барилдааныг өнжсөнөөр долоон даваа, хоёр унаатай болж түүнтэй ижил амжилттай болон түүний араас нэхэж явсан бусад бөхчүүдэд боломж гарч ирлээ. Ялангуяа ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Хошорюү С.Бямбасүрэн нарт тэргүүлэгчдийг гүйцэх боломж гарч ирж байна.
Одоогоор сэкивакэ Котоновака, Оношо, Оносато нар долоон даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна. Гэхдээ тэдний тэргүүлэл удаан үргэлжлэхгүй гэж сүмо сонирхогчид үзэж буй. Башёгийн арав дахь өдрөөс эхлэн дээрх тэргүүлэгчид хоорондоо учраа таарч, жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ.