Афганистанд өдөр бүр 167 хүүхэд урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой өвчнөөр нас барж байна хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлжээ. Тодруулбал ихэнх эмнэлэгт нь агааржуулагч ажилладаггүй, хүчилтөрөгчийн аппарат болон хэрэгтэй багаж төхөөрөмж байхгүйн дээр хоёрхон сувилагчид 60 хүүхэд оногддог зэрэг олон асуудал байдаг ажээ. Зарим үед нярай хүүхдэд зориулсан хүчилтөрөгчийн аппарат байхгүйн улмаас хүүхдийн хамарны ойролцоо хүчилтөрөгчийн гуурс барьж амьсгалуулахыг хичээх бөгөөд шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмжгүйн улмаас байнгын хяналтад байх заалттай хүүхдүүдийг эмчлэх боломжгүй байдаг гэжээ.
2021 оны наймдугаар сараас Талибанчууд Засгийн эрхийг гартаа авснаар гадаадын санхүүжилтийг царцааж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэлцээгүй байдлыг улам дордуулжээ. Мөн сайн дурын байгууллага, төрийн бус байгууллагыг ажиллахыг хориглосон тул олон хүүхдэд хүрдэг байсан тусламж үйлчилгээ зогсож, хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байна.
Талибанчууд Засгийн эрхийг авахаас өмнөх 20 жилийн турш олон тэрбум ам долларыг олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны эрүүл мэндийн салбарт зориулсан ч өнөөдөр байдал улам бүр хүндэрчээ. Хотуудын улсын эмнэлэгт нэг ч хүчилтөрөгчийн аппарат байхгүй, байгаа эмнэлэгт нь хүчилтөрөгчийн түүхий эд байхгүйн улмаас хүчилтөрөгчийг үйлдвэрлэж, өвчтөндөө хэрэглэх бололцоогүй болсон байна.
Мөн талибууд Засгийн эрхийг авсан явдал нь олон улсын олон хууль дүрмийг зөрчсөн тул одоогоор хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. Ингэснээр гадны тусламжийг Засгийн газарт нь шууд өгөх боломжгүй болсон бөгөөд хүмүүнлэгийн үйлстэнүүд эмнэлгийн ажилтнуудын цалин, эм, хоол хүнсний зардлыг өөрсдөд нь олгох байдлаар туслаж байна. Гэвч олон улсаас ирэх хандив хурдацтай буурч, НҮБ-аас гэхэд Афганистанд хандсан уриалгын ердөө 5 хувийг л санхүүжүүлсэн тоо баримт байна.
Эх сурвалж: BBC news