“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин нас барснаас хойш бүлэг нам гүм байна. Африкийн хэд хэдэн оронд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байсан “Вагнер”-ын сүйрлийг Кремль өөртөө ашигтайгаар эргүүлэхээр эрмэлзэж байна. Тодруулбал, Кремлийн эрх баригчид Африкт үйл ажиллагаа явуулах хөлсний бүлэглэлээ байгуулсныг “Bloomberg” мэдээллээ.
Шинэ бүлгийн нэрийг “Африкийн корпус” гэнэ. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үед Хойд Африкт тулалдаж байсан нацистын хүчнийхний нэр юм.
“Bloomberg”-ийн тайланд дурдсанаар Кремль Сахарын цөлийн өмнөд захад орших Сахел мужид үйл ажиллагаа явуулахаар 20 мянган цэрэг элсүүлэх төлөвтэй байна.
Энэ талаар “Africa Defence Forum” хэвлэлд нэгдүгээр сарын 16-нд мэдээлж байв. “ОХУ-ын нэрээ сольсон хуучин хөлсний цэргүүд Африкийг тахалж байна” нэртэй уг нийтлэлд дурдсанаар Путин болон ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Юнус-бек Евкуров нарын удирдлага дор бүтцийн өөрчлөлт явагдаж байгаа аж. “Тэд нэрээ сольсон ч ашигт малтмалын баялгийг дээрэмдэж, тив даяар харгис хэрцгий ул мөр үлдээсэн өнөөх л Оросын хөлсний цэргүүд” гэжээ.
Харин судлаач Фахад Мирза энэ талаар хэлэхдээ “Вагнер бүлгийнхэн харгислал, дайны гэмт хэрэг үйлдэж байсан түүхтэй. Африк дахь бүлэглэл цаашид задарч, гарцаагүй террорист байгууллага болно. Вагнер гэсэн нэртэй цорын ганц байгууллага байхгүй. Энэ бол дайнаас эхлээд тролл үйлчилгээ хүртэл үзүүлдэг компаниуд болон далд үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн сүлжээ” гэжээ.
Эх сурвалж: AFRICA DEFENCE FORUM, THE TELEGRAPH