Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2023.12.27/ гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Шинэ хууль үйлчилж эхлэх гэж байгаатай холбоотойгоор Засгийн газраас бодлого боловсруулж 11 журам батлуулах учиртай. Үүний есийг нь Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж батлуулсан. Өнөөдөр үлдсэн хоёр журмыг Сангийн яам Засгийн газарт танилцуулж, батлууллаа. Ингэснээр маш том эдийн засгийн харилцаа үүсэж, хувийн хэвшлүүдэд томоохон боломж гарч, маш том зах зээл бий болж байна. Мөн энэхүү хуулийг амжилттай хэрэгжүүлснээр улсын төсвийн ачааллыг бууруулах боломж гарч ирж байна. Энэ хүрээнд ирэх 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс шинэ хууль үйлчилнэ.
Хөгжлийн банканд сүүлийн хоёр жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд тус банкны чанаргүй зээл буурч, Хөгжлийн банк дангаараа буюу зөвхөн өөрийн эх үүсвэрээрээ 2023 оны намар төлөгдөх хуваарьтай байсан өндөр дүнтэй эргэн төлөлтүүдээ амжилттай хийсэн. Цаашид тус банкны засаглалыг сайжруулж, сонгодог Хөгжлийн банкны нэг хэлбэр болох экспорт, импортын чиглэлийн санхүүжилтийг хийдэг банк болгож, эрх зүйн байдлыг нь шинэчлэхээр өнөөдөр Засгийн газарт танилцуулга хийсэн. Удахгүй УИХ-д хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар боллоо” гэв.