ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лхагва гаригт “Россия 1” телевизэд ярилцлага өгөхдөө Жо Байденыг ерөнхийлөгчийн хувьд Доналд Трампаас илүү дээр байх болно гэж хэлжээ. “Байден илүү туршлагатай, урьдчилан таамаглах боломжтой хүн. Хуучны улстөрч. Гэхдээ бид Америкийн ард түмний итгэлийг хүлээсэн аль ч удирдагчтай хамтран ажиллах болно” гэж Путин хэлэв.
Трамп ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Путинтэй найрсаг харилцдаг байсан. Үүнийхээ төлөө тэр багагүй шүүмжлэлд өртөж байв. Нөгөөтэйгүүр, АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх нотлох баримтуудыг Путин үгүйсгэсээр иржээ.
Тэгвэл Путин Лхагва гаригт өгсөн ярилцлагынхаа үеэр Байдены эрүүл мэндийн талаарх таамаглалыг үгүйсгэв. Тэрбээр Украин дахь дайн эхлэхээс жил хүрэхгүй хугацааны өмнө буюу 2021 оны зургадугаар сард Швейцарьт Байдентай уулзсанаа дурсчээ. “Намайг гурван жилийн өмнө Швейцарьт Байдентай уулзах үед ч түүний эрүүл мэндийг муу гэж ярьдаг байсан. Би тийм зүйл олж хараагүй. Тэр бичиж тэмдэглэсэн зүйлээ харж байсан л даа. Гэхдээ би ч бас өөрийнхийгөө харсан. Үүнд онцгойлоод байх зүйл үгүй” гэж Путин хэлжээ.
Түүнчлэн “Улс төрийн байр сууринаас илүү ерөнхийлөгчийнх нь эрүүл мэндэд санаа зовно гэж байхгүй” гэлээ.
Сонгууль дөхөх тусам Байдены эрүүл мэндтэй холбоотой элдэв таамаг гарах болсон. Түүнийг үргэлжлүүлэн албан тушаал хашихад тохиромжгүй гэж батлахын тулд ой тогтоолт муутай хөгшин хүн гэж нэрлэжээ.
Эх сурвалж: POLITICO