АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 74 мянга гаруй хүний оюутны зээлийг тэглэхэд 5 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Тэдгээр хүмүүсийн тал гаруй хувь нь багш, сувилагч, гал сөнөөгчөөр төрийн албанд 10 жил ажилласан иргэд юм.
Одоогийн байдлаар Байдены захиргаа 3.7 сая америкчуудад нийтдээ 136.6 тэрбум ам.долларын оюутны зээлийн хөнгөлөлт үзүүлээд байна. Шинээр хөнгөлөлт үзүүлсэн 74 мянган хүний 44 мянга нь төрийн албанд 10 гаруй жил ажилласан бол 30 орчим мянга нь 20-иос дээш жил зээлээ төлсөн хүмүүс байжээ.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард АНУ-ын Дээд шүүх олон зуун тэрбум ам.доллароор оюутны зээл тэглэх төлөвлөгөөнд хаалт хийсэн юм. Тэгвэл Байден үүнийг үл харгалзан аль болох олон зээлдэгчид оюутны зээлийн хөнгөлөлт үзүүлэх болно гэдгээ амласан байна.
Тэрбээр 5 тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлснийхээ дараа “Оюутны зээл авсан хүмүүст хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахын тулд байж болох бүх аргыг ашиглана” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters