Манай урд болон хойд хөршүүдийн эдийн засгийн харилцаа цаг өнгөрөх тутам хүчирхэгжсээр байна. Тодруулбал өнгөрсөн жил ОХУ Саудын Арабыг гүйцэж, дахин БНХАУ-ын хамгийн том газрын тос нийлүүлэгч болжээ.
Хятадын Гаалийн ерөнхий газраас бямба гарагт /2024.01.20/ гаргасан тоо баримтаас харвал 2023 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн түүхий газрын тосны хэмжээ 2022 онтой харьцуулахад 24 хувиар нэмэгдэж, 102.02 сая тоннд хүрсэн байна.
ОХУ 2022 онд Украин руу цэргээ оруулж дайн эхлүүлсний дараа барууны орнууд Москвад олон тооны хориг тавьсан. Үүний улмаас ОХУ газрын тосыг нь хямд үнээр худалдан авах хүн хайж эхэлсэн юм. Энэ завшааныг ашиглан дэлхийн хамгийн том нефт импортлогч болох БНХАУ нь ОХУ-аас оруулж ирэх газрын тосны хэмжээгээ нэмсэн.
Ингэснээр ОХУ Саудын Арабыг гүйцэн БНХАУ-ын хамгийн том түүхий нефтийн нийлүүлэгч боллоо. Харьцуулахад Саудын Араб 2023 онд Хятад руу 85.96 сая тонн түүхий газрын тос нийлүүлсэн нь 2022 оныхоос хоёр хувиар буурсан үзүүлэлт юм.
Одоогийн байдлаар БНХАУ-ын нефтийн импортын 19 хувийг ОХУ, 15 хувийг Саудын Араб бүрүүлж байна. ОХУ найман жилийн өмнө Хятадын хамгийн том газрын тосны нийлүүлэгч болсон. Гэвч Саудын Араб Бээжинтэй эрчим хүчний худалдаагаа нэмэх гэрээ хийсэн тул 2019-өөс 2021 оны хооронд тус улсын ард оржээ.
Сингапур дахь “Vanda Insights” компанийн үүсгэн байгуулагч Вандана Хари “БНХАУ хямд түүхий нефтийн импортоо нэмэгдүүлэх нь дамжиггүй. ОХУ-ын нэг баррель газрын тос 2023 онд бусдаас хамаагүй хямд байсан” гэж хэлсэн юм.
Тодруулбал ОХУ-ын газрын тос Саудын Арабын нефттэй харьцуулахад 10 хувиар хямд байжээ. Газрын тосноос гадна ОХУ, БНХАУ-ын бусад худалдаа 2023 онд их хэмжээгээр нэмэгдсэн байна.
Хоёр улсын худалдааны нийт хэмжээ 2023 онд 240 тэрбум ам.долларт давж, өмнөх оныхоос 26 хувиар өсөж түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм. Энэ нь тэдгээр улсууд 2019 онд тавьсан худалдааны зорилтоо нэг жилийн өмнө биелүүлсэн гэсэн үг.
Өнгөрсөн сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй уулзахдаа Бээжин, Москвагийн түншлэлийг сайшааж, худалдааны үзүүлэлтүүд өргөн ирээдүйг харуулж байна хэмээжээ.
Эх сурвалж: CNN