ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшинтэй ярилцлаа.
-Бүсчилсэн байдлаарр улс орноо хөгжүүлэх зүйтэй гэдгийг олон жил ярьж ирлээ. Энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын гол онцлогыг юу гэж харж байна?
-Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай байж, түүндээ тохирсон нийцсэн төсөь, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн бодлого явуулах нь зүйтэй. Монголчууд 1990-ээд оны төгсгөл үеэс бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярьж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийг болтол салбар бүр боловсруулсан бодлогоороо, аймаг, орон нутгийн бодлого дээрээ тулгуурлаж ирсэн.
Тиймээс улс төрийн бүсчилсэн хөгжлийн бодлого дээр суурилж улс орноо хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлогыг явуулах юм бол Монгол Улсын хөгжлийн хурдасгуур болж, үр өгөөжөө богино хугацаанд өгнө.
-Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр төсвийн бодлоготой хэрхэн уялдаж байна вэ?
-Монгол Улсын төсвийн хувтд өнгөрсөн хугацаанд жижиг жижиг байдлаар аймаг, сум, дүүрэг, хороонд хуваарилах байдлаар явж ирсэн. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлого,үзэл баримтлалтай болсноор улсын төсвийг бүсчилж хуваарилж, төлөвлөдөг болно. Санхүүгийн, хүний, мэдлэгийн нөөцүүд нэгдсэн нэг орон зайн хүрээнд хуваарилагдах учраас зөв төлөвлөлт, зохион байгуулалт, хуваарилалтын систем бүрдэх орчин үүсч байна гэж үзэж байна. Монгол Улсын газар нутгийг эдийн засгийн дараах зургаан бүсэд хуваасан.
- Дорнод Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Бүсийн төв: Чойбалсан
- Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтлогийн аялал жуулчлалын бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)
Бүсийн төв: Даланзадгад
- Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай)
Бүсийн төв: Баянхонгор
- Өрнөд Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүс (Ховд, Баян-Өлгий, Увс)
Бүсийн төв: Ховд
- Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан)
Бүсийн төв: Улиастай → Шинэ нийслэл
6.Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүс (Төв, Улаанбаатар) Бүсийн төв: Улаанбаатар
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал 30 жил хэрэгжих учраас өмнө нь зөвхөн аймаг орон нутгийнхаа иргэдийн аж амьдралыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг ярьдаг байсан бол одоо эдийн засгийн хувьд бүсчилсэн аймгуудынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг том зургаар нь харж, түүнд тохирсон бодлого, шийдвэр гаргаж, зорилт, зорилго тавьж ажилладаг болно.
-Олон жил бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярьсан ч бодит үр дүнд хүрч чадаагүй. Үүний шалтгаан нөхцлийг юу гэж харж байна?
-Хууль эрхзүйн орчинд бүсчилсэн хөгжлийн асуудлууд нарийвчлан тусгагдаж чадаагүй байсан. Моэгол Улс 2001 онд анх бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталж, 2003 онд Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохион байгуулалтын хуулиа баталсан. Гэхдээ бас алдаа гарсан. Тиймээс энэ алдааг дахин давтахгүйн тулд хууль эрх зүйн орчиндоо бүсчилсэн хөгжлийн хэмжээгээр нийгэм, эдийн засгийн засгийн асуудлаа шийдвэрлэх, бүс нутгийн хүрээнд хот байгуулалт, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хөгжлийг тооцоолох, нэгдсэн тооцооллоо тусгах нь зүйтэй.
-Бүсчилж хөгжсөн дэлхийн бусад орны сайн жишээ юу байна?
-Бүсчилж хөгжсөн гадаад улс орны жишээ олныг хэлж болно. АНУ, баруун европын улс орнууд, хөрш зэргэлдээ БНХАУ ч мөн ялгаагүй бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар улсаа хөгжүүлж, бүсчилсэн хөгжлийн болоод чөлөөт бүсийн бодлого, экспортын чиг баримжаатай бүсүүд бий болгох бодлогууд, төрөлжсөн хөгжлийн бодлого баримталж ирсэний үр дүнд хөгжлийн өндөр түвшинд хурдацтай хүрсэн.
Монгол Улс өмнөх бүсчилсэн хөгжлийн бодлогодоо даяаршлын онолыг суурь үзэл баримтлал болгож авч үзэж байсан бол өнөөдөр улс орнуудын нийгэм, эдийн засгийн бодлого дэлхийн хавтгай дээр тавигдах болсон энэ үед төвлөрсөн бөгөөд төрөлжсөн байх бодлого баримтлах нь зөв гэж бодож байна.
Бүсчилсэн хөгжлийн гол амин сүнс нь иргэд сайн сайхан байх, иргэдийн орлогын түвшинг нэмэгдүүлэхэд л чиглэж байгаа юм. Бүсчилж хөгжлүүлэх бодлого явуулснаар хот хөдөөгийн ялгааг бууруулах, иргэдийн орлогын түвшинг харьцангуй жигдрүүлэх, өргөн уудам нутагт хөгжлийн жигд гарааг эхлүүлэхэд гол зорилт нь оршдог. Тиймээс нөөцийн хүрээг нэмэгдүүлэх, байгаа нөөцөө үр ашигтай болгох, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хамтын ажиллагааг дэмжихийн тулд л орон зайн бодлого явуулахыг зорьж байна. Өмнө нь нэг аймгийн хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг байсан бол бүсчилсэн хөгжлийн бодлого явуулснаар байгалийн нөөц, хүний нөөц, технологийн нөөц, мэдлэгийн нөөцийн бөөгнөрөл бий болно. Энэ бөөгнөрлөөс илүү үр дүн, үр ашигт бий болно. Үүнийг дэлхий нийтийн туулсан зам, туршлага харуулж байна.
Тухайлбал, төсвийн хуваарилалтыг аймаг бүрт хуваарилдаг байсан бол бүсийн хэмжээнд хуваарилахаар хөрөнгө оруулалтын хэмжээ, даац нэмэгдэнэ. Ингээд бүсийн хэмжээнд бодлогоо зөв тодорхойлоод явбал тэндээс гарах үр өгөөж нэмэгдэж, хөгжил олон тал руу нэвчиж, хөгжлийн коридор бий болсноор хөгжилд хүрнэ. Улс орнуудын хөгжлүүдийг эргээд харахаар хот суурин газраа хөгжүүлэх нь хөгжлийн гол хүчин зүйл гэдэг нь харагдаж байна.
Гэтэл Монгол Улсын хувьд нийслэл Улаанбаатар хотдоо хүн амынх нь талаас илүү хувь нь төвлөрчихсөн байна. Тэгвэл бүсчилсэн хөгжлийн бодлогоороо төрөлжсөн хотуудыг бий болгочихвол нэг төвтэй биш олон төвтэй улс болж хөгжинө.
-Бүсчилсэн хөгжилд төрийн бодлогын уялдаа холбоог хангаж ажиллах нь нэн тэргүүний асуудал болох нь ээ?
– Бүсчилсэн хөгжлийн хууль эрх зүйн асуудал дээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах асуудлыг сайтар тусгах ёстой. Аливаа хөгжил гэдэг бол хамтын оролцоо, шийдвэр, шийдэл дээр суурилдаг. Тиймээс хамтын хүчээр асуудлаа шийдэж чадаж байвал хөгжилд хүрэхэд алхам алхамаар ойртоно гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлж орон зайн зөв төлөвлөлт хийхийн тулд нөөц чадавхийг нийтлэг эрх ашгийн хүрээнд тохируулах асуудалтай тулгарна. Өнөөгийн хөгжлийн бодлогыг аваад үзвэл салбар салбараараа төлөвлөлтөө хийж байна.Тэгвэл салбар салбарын бодлогууд аймаг, орон нутагт очиж хэрэгжихдээ уялдаа холбоо нь хангагдахгүй байна. Тиймээс бүс нутгийн хүрээнд буюу том орон зайн хүрээнд салбар дундын уялдаа холбоог хангах боломж бүрдэж байна. Бодлогын асуудлуудыг аваад үзвэл Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын төлөвлөлтөө хийсэн. Тэгвэл энэхүү урт хугацааны бодлого дотор бүх салбарын бодлого бий.
Эдгээр бодлогууд хэрэгжихдээ босоо тогтолцоогоор явж ирсэн. Тэгвэл энэ босоо тогтолцоог хэвтээ тогтолцоонд оруулж, уялдаа холбоо нь хангагдана. Нөгөө талаас орон нутгийн иргэд доороосоо дээшээ төлөвлөлт хийж, санал хүсэлтээ хүргүүлдэг. Тэгвэл энэ хүсэлт хэвтээ бодлого дээрээ очиж дээрээс болон доороос ирүүлсэн хэн хэнийх нь хүсэл сонирхлыг хангах нь чухал. Үүний үр дүнд хөгжлийн бодлого зөв болно.
Бүс нутгийн асуудал гэдэг аль нэг аймаг, дүүргийн асуудлаас том байж таарна. Тийм учраас бид сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулж бүс нутгийн хэмжээнд төлөөллөө сонгох гэж байна. Тиймээс бүс нутгийн асуудлыг нэгдсэн бодолгоор хангаж, нэгдсэн эрх ашиг, нэгдсэн төлөвлөлт бий болно. Дэлхий даяар 1960-аад оны үеэс бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, 1970-аад оноос бүс нутгийн шинжлэх ухаан үүссэн цагаас хойш ХХI дүгээр зуунд орон зайн хөгжлийн төлөвлөлтийн асуудал яригдаж байгаа тохиолдолд бид ч бас энэ чиглэлд л анаарч ажиллах ёстой.