Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Бямба гаригт Мюнхенд болсон Аюулгүй байдлын бага хурлын үеэр “Украин дахь дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн талаар ярихад цаг хугацааны хувьд тохиромжгүй байна” гэдгийг хэлжээ. Украины тал ирэх сард дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар хичээж буй. Ирэх сард болох дээд хэмжээний уулзалт нь тодорхой шалтгаануудын улмаас дөрөв, тавдугаар сар руу хойшилж магадгүй байна. Швейцарь улс уулзалтыг зохион байгуулахад нээлттэй гэдгээ мэдэгдсэн. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ Хятадыг дээд хэмжээний уулзалтад оролцуулах талаар ятгахыг хичээжээ.
Үүнтэй холбоотойгоор Ван И ийн хариулжээ. “Талууд хэлэлцээрийн ширээний ард суух хангалттай нөхцөл бүрдээгүй байна. Хятад улс маш их зүйл хийсэн. Цаашид эерэг үүрэг гүйцэтгэсээр байх болно. Хямралыг шийдвэрлэхэд Хятад дангаараа хариуцлага хүлээхгүй” гэж тэр хэлэв.
Орос, Украины дайн дахь Хятадын оролцоог олон улс чухалчлан үзэж буй. Учир нь Хятад улс нь Оросын гол дипломат холбоотон юм. Хямралыг зохицуулах хүчин чармайлтын хүрээнд Хятад улс өнгөрсөн онд 12 зүйл заалт бүхий баримт бичиг гаргасан.
Украин улс Бразил, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг шинэ тоглогчдыг багтаасан дээд түвшний уулзалтыг хийхийг эрмэлздэг. Хамгийн сүүлд аюулгүй байдлын дээд түвшний уулзалтыг Швейцарьт хийсэн ч энэ нь ахиц дэвшил багатай байжээ. Нийт дөрвөн удаагийн уулзалт болсноос Хятад нэг л удаад нь оролцжээ.
Эх сурвалж: BLOOMBERG