Гадаадын оронд 15-аас дээш жил амьдарсан Их Британийн иргэд сонгууль өгөх эрхгүй болдог байсан юм. Тэгвэл энэ хуулийг өөрчилснөөр гаднын улс орнуудад амьдардаг 2 сая гаруй иргэд энэ жилийн сонгуульд санал өгөх боломжтой болжээ.
Тэдгээр иргэд Их Британиас явахаасаа өмнө байсан харьяаны тойрогт бүртгүүлж, санал өгөх юм. Харин сонгуулийн насанд хүрэхээс өмнө гадаад руу нүүсэн хүмүүс эцэг эх эсвэл асран хамгаалагчийнхаа харьяалагддаг байсан тойрогт бүртгүүлэх зохицуулалтыг хийсэн байна.
Энэхүү өөрчлөлтийг 40 жилийн өмнө Италид амьдрахаар Их Британийг орхин гарсан Дэлхийн 2-р дайны ахмад дайчин Харри Шиндлерийн санаачилгаар гаргажээ. Тэрбээр 2011 онд “BBC” агентлагт хэлэхдээ “Европын ард түмэнд саналаа өгөх эрхийг гаргаж өгөхийн төлөө дайн болсон. Бид тэр дайн ялсан ч надаас гадна дайнд байлдсан зарим хүмүүс саналаа өгч чадахгүй байна” гэсэн юм.
Шиндлер олон жилийн турш гадаадад буй бүх Британи иргэдэд санал өгөх эрхийг нь гаргаж өгөхийг уриалсаар иржээ. Тэрбээр 2023 онд 101 насандаа амьсгал хураасан байна.
Европ дахь британичууд байгууллагын захирал Жэйн Голдинг “Санал өгөх нь хаана амьдарч байгаагаас үл хамаарах иргэний үндсэн эрх. Энэ бол бидний олон жилийн ажлын үр дүнд гарсан түүхэн өөрчлөлт. Ялангуяа урт хугацааны турш энэхүү өөрчлөлтийг гаргахыг уриалсан Шиндлерийн ажлын үр дүн юм. Гэвч тэр харамсалтайгаар ажлынхаа үр дүнг харалгүй тэнгэрт дэвшсэн” гэж хэлжээ.