“ГУРВАН ИРГЭН АМИА АЛДАЖ, 43 ИРГЭНИЙГ ЗОЧИД БУУДАЛ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН”
Осолтой холбоотой асуудлаар Нийслэлийн Онцгой комисс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дөнгөж сая мэдээлэл өглөө.
-Нийслэлээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нийслэлийн Онцгой комиссын дэд даргаар ахлуулсан шуурхай штаб ажиллаж байна. Шөнийн гал унтраах ажиллагаанд Ус свугийн газар дэмжлэг үзүүлж ажилласан.
Эрүүл мэндийн байгууллага 207 оршин суугчдад үйлчилгээ үзүүлсэн. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсон гэдэг мэдээлэл ирсэн. Тийм учраас эдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангах асуудал яригдаж байна.
Одоогоор 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байгаа. Хэргийн газарт хуулийн байгууллага ажиллаж дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр судалгаа хийнэ. Нийт 30 машин шатсан байгаа, зөөвөрлөнө. Осол гарсан газрыг цэвэрлэнэ. Хэргийн газрын үзлэг хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн хийцлэлд мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж, цаашдаа ашиглах боломжтой эсэх дээр дүгнэлт хийнэ. Нурах эрсдэлтэй юу, үгүй юу гэдэг дүгнэлт гаргана.
-Ослын улмаас хэчнээн иргэн нас барсан бэ. Гурван хүн амиа алдсан гэдэг мэдээлэл байна?
-Нас барсан иргэдийн талаар хуулийн байгууллагаас тодруулах ёстой. Хэргийн газрын үзлэг дуусаагүй байна.
-Эмнэлэгт гурван хүн хүргэгдэж хэвтсэн гэдэг зүйл яригдаад байна. Эрүүл мэнд нь ямар байгаа бол?
-Одоогоор биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл алга. Эрүүл мэндийн байгууллагаас ав.
-Иргэдийн зүгээс халтиргаа гулгаанаас үүдэж энэхүү осол болсон гэдэг зүйлийг ярьж байна?
-Халтиргаа гулгаанаас болсон эсэх дээр хуулийн байгуулага шалгалтаа хийж, дүгнэлт гаргасны дараа тодорхой болно.
-Энэ хавь маш их халтиргаа гулгаатай харагдаж байна. Холбогдох хүмүүст хариуцлага тоцох асуудал яригдах уу?
-Тохижилт үйлчилгээний ажилтан, албан хаагчдыг дүүрэг рүү нь шилжүүлсэн. Дүүргийн зүгээс өдөр бүр халтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг хийдэг , давс бодисыг өдөр бүр цацаж ирсэн гэдэг мэдээллийг өгсөн. Осол гараад хэдхэн цаг болж байна. Ослын шалтгаан нөхцөл юунаас болсныг мэргэжлийн холбогдох байгууллагууд эцэслэн тогтооно.
-Зочид буудалд хэчнээн иргэнийг шилжүүлсэн байна вэ?
-Зочид буудалд 11 өрхийн 43 иргэн байна. Хохирсон байгаа иргэд хэд хоногоор гадуур амьдрахаас аргагүй болж байна. Тэгэхээр хаана байршуулах вэ гэдгийг Нийслэлийн Онцгой шатбаас байгуулагдсан ажлын хэсэг дээр судалгаа хийгдээд явж байна.