Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “IHC esports” PUBGM тоглоомын төрлөөр дэлхийн аварга болсон билээ. Улмаар тэднийг Монгол Улсын Цахим элчээр өргөмжилж, салбарын тэргүүний ажилтан цолоор шагнасан.
Энэхүү үйл явдал нь манай улсад цахим спорт хөгжиж буйн тод илрэл байв. Ямар нэгэн байдлаар төсвөөс санхүүжилт авдаггүй, өсвөр насны хүүхдүүд олон улсад эх орныхоо нэрийг гаргаж чадсанд хүн бүр алга ташсан.
Цахим спорт манай улсын хувьд шинэ салбар. Тиймээс энэ спортын төрлөөр Монголын хүүхэд, залуучуудад ямар боломж байгаа, юуг анхаарах болон эцэг эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр “IHC esports” багийн эзэн Г.Эрдэмхишигтэй ярилцлаа. Тэрбээр и-спортын академи байгуулахыг зорьж буй нэгэн юм.
– Анх PUBGM тоглоомын баг байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?
– Найзуудтайгаа, завтай үедээ тоглодог байлаа. Дараа нь тоглоомоо судлаад үзэхэд ирж яваа цаг, уламжлалт спорттой өрсөлдөж чадна гэдгийг ойлгосон. 2020 оноос хойш PUBGM тоглоомын үзэгч, хэрэглэгчийн тоо огцом өссөн.
2019 онд Зүүн Өмнөд Азийн багуудтай тоглоход манай хүүхдүүдийн бодох ур чадвар маш сайн байсан. Үүнээс улбаалж и-спортыг хүүхдүүдийн мэргэжил болгох талаар бодсон юм. Тэр ондоо С.Ундрахтай нийлж компани байгуулж, 2020 онд Дубайд болсон дэлхийн аваргаас хүрэл цом авсан даа.
Ингэснээр цахим спортын бүтэц бүрэлдэхүүн, тэмцээн, маркетинг, ашиг орлогын талаар бүтцээ угсарч эхэлсэн. Ер нь цахим спорт бол маркетинг суурьтай салбар.Харьцангуй нээлттэй системтэй тоглоом гэж болно.
– Энэ тоглоом хэр удаан амжилттай явах чадамжтай вэ?
– И-спортын хиймэл ертөнцөд хүн өөрийн гэсэн дүрийг үйлдвэрлэдэг. PUBGM тоглоомын анх гарснаас хойш онцлох үзүүлэлтүүд нь огт буураагүй, хөгжүүлэлтийг маш сайн хийдэг. Гол нь сонирхогчийн тоо буюу хэдэн хүн татаж байгаагаас хамаарна.
Манай баг түрүүлсэн дэлхийн аваргыг 1.3 тэрбум хүн үзсэн байна. Мөн тэмцээний шагнал, хэрэглэгчдэд үзүүлдэг урамшуулал зэргээс харахад бусад тоглоомоос илүү хурдан хөгжиж байгаа.
“ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛЫН МӨНГӨ ИВЭЭН ТЭТГЭГЧ НАРТ ХАМААРАЛГҮЙ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛАА ХАСААД ҮЛДСЭНИЙГ НЬ ТАМИРЧДАДАА ХУВААЖ ӨГНӨ”
– Монголд буй цахим спортын багуудын үйл ажиллагааны зардал болон орлогоо хэрхэн бүрдүүлдэг вэ?
– Хэрэв 100 төгрөг олохыг хүсвэл 80-ыг нь ивээн тэтгэгчдээс авна. Үлдсэн 20 төгрөгийг тэмцээн, стриймээс олно. Бид зарлагынхаа ихэнх хувийг ивээн тэтгэгч нараас бүрдүүлдэг.
Ивээн тэтгэгч гэдэг нь барааны наймаа гэдэг шиг бартер гэсэн үг. Өмсгөл дээр өөрсдийн логог байршуулсны хариуд бид мөнгө авч багийнхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг.
Тэмцээний шагналын мөнгө ивээн тэтгэгч нарт хамааралгүй. Үйл ажиллагааны зардлаа хасаад үлдсэнийг нь тамирчдадаа хувааж өгнө. Манай и-спортын компани 4-5 багтай, бүгд тус тусдаа бэлтгэлийн байр, цалин орлоготой. Ивээн тэтгэгч нар хөрөнгө оруулалт өгөхдөө ийм талбар дээр маркетинг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байдаг.
Нэг тамирчны дундаж цалин 2.5 сая төгрөг, дээр нь хоол, байр гэх мэт зардал өндөр салбар. Үүний эрүүл систем нь ивээн тэтгэгчээс мөнгө авч, эргүүлээд маркетингийн хийж өгнө. И-спорт олон улсад ийм л бүтцээр явж байгаа.
– Энэ салбарт ихэвчлэн 16-аас дээш насны хүүхдүүд мөнгө олж байна. Танай тамирчид санхүүгийн байдлаа хэрхэн зохицуулдаг вэ. Олж буй мөнгөн дүн өндөр учраас хүмүүсийн сонирхлыг их татдаг.
– Хүүхдийг 18 нас хүртэл эцэг эх, асран хамгаалагчтай нь гэрээлдэг. Насанд хүрсэн тохиолдолд зөвхөн тамирчинтай хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээ байгуулж, цалин урамшууллаа өгнө.
Мөнгө хэрхэн зарцуулах нь хувь хүний асуудал. Гэхдээ олон жил хамт явж байгаа ахын хувьд мөнгө хэрхэн зөв зүйлд зарцуулах талаар зөвлөдөг. Мөнгө гэдэг ирсэн шигээ буцдаг учраас буруу зүйлд бүү зарцуулаарай, өөрт нь үлдэх зүйлд хөрөнгө оруулахыг үргэлж сануулдаг.
Ер нь и-спортын тамирчны оргил үе нь 2-3 жил, насны онцлогоос хамаараад оюуны спорт учраас самбаачлах хугацаа нь 23 наснаас хойш буурдаг. Тиймээс хуримтлал үүсгэх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эргэж ирдэг зүйлд олсон мөнгө зарцуулахыг хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй.
Манай хүүхдүүд ихэвчлэн орон байр авах, ар гэртээ туслах гэх мэтээр санхүүгийн зөв зохион байгуулалтаар явж байгаа.
– Танай багт гадаадын ивээн тэтгэгч нар хөрөнгө оруулах санал ирдэг үү?
– Гадаадын ивээн тэтгэгч нар одоо байгаа орчин нөхцөлөөс хэд дахин илүүг санал болгодог. Эцсийн дүндээ тамирчдын нөхцөлд анхаардаг. Энэ бол оюуны спорт учраас тамирчид тайван, эрүүл саруул, санаа зовох зүйлгүй байх ёстой.
Гэхдээ дэлхийн түвшний том хөрөнгө оруулагч нар тав тухай орчин нөхцөл, цалин урамшууллын санал ирвэл зөвшөөрнө. Манай улсын хүүхдүүдийн ур чадварыг бусад баг хүлээн зөвшөөрсөн, маш сайн өрсөлдөгч гэж хардаг. Манай багийн тамирчныг аваад өндөр цалин урамшуулал өгөх санал Араб болон хойд америкчуудаас ирдэг.
Солонгосын том компаниуд энэ салбарт хөрөнгө мөнгө их зарцуулж байгаа. Арабууд и-спортын тусгай яам, сан байгуулчихсан. Харин хойд америкчууд хувь тамирчинд цахим маркетинг хийлгэхээр мөнгө өгдөг.
“ЭЦЭГ ЭХЧҮҮД МӨНГӨ ОЛОХ ГЭДГЭЭС ИЛҮҮТЭЙ ИРЖ ЯВАА ЦАГТ ХҮҮХДЭДЭЭ ЗӨВ ТӨЛӨВШИЛ ОЛГОХЫН ТУЛД ЦАХИМ СПОРТЫГ АШИГЛААСАЙ”
– Дэлхийн аваргаас хойш танай багийг мэддэг хүн олширсон байх. Хүүхдүүд ч энэ спортод амжилт гаргахыг хүсэж байгаа. Тэгэхээр эцэг эх болон тамирчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
– Эцэг эхчүүд хүүхдээ аль талаас нь харах чухал. Зан төлөвийн хувьд нийгэмшүүлэх гэдэг асуудал яригдана. Өнөөгийн нийгэмд хүүхдүүд онлайн платформ ашиглаж өөрсдийн дүрийг бүтээж, нийгэмшлийг олж авч байна.
Нөгөө талаараа мөнгө олох гэж харвал өөр хэрэг. Гэхдээ их мөнгө олох гэдэг нь мянгад нэг л удаа тохиох зүйл.
Бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлдэггүй хүүхэд байдаг. Иймэрхүү ороо бусгаа үед өөрийн гэсэн үзэл бодолтой нийгэмшсэн хүүхдийг бүтээх гэтэл эцэг эхчүүд аргаа олдоггүй. Энэ үед и-спорт гэдэг цэвэр талбар.
Жишээлбэл стрийм хийдэг хүүхдүүд бодол санаа, сонирхол нийлсэн хүмүүстэй учирдаг. Иймэрхүү байдлаар хүүхэд өөрийгөө нээж өгнө. Тэгэхээр эцэг эхчүүд мөнгө олох гэдгээс илүүтэй ирж яваа цагт зөв төлөвшилтэй хүүхдээ олж авахын тулд цахим спортыг ашиглаасай гэж харахыг хүсдэг.
Хүүхэд ядарч, өлсөж байгаа зохион байгуулалтаа сайн хийж чадахгүй. Иймэрхүү зүйлд нь эцэг эхчүүд тус болох ёстой. Ингэснээр хүүхдүүд зөв хөгжих боломжтой.
– 16 насанд хүрч олон улсын тэмцээнд орох боломжтой болсон хүүхдээс энэ салбар ямар ур чадвар шаарддаг вэ?
– Тухайн хүүхдийг хөгжүүлэхэд орчин хэрэгтэй. PUBGM тоглоом бол оюуны спорт.Тархи хамгийн амар амгалан байж хэрэгтэй эрдэс бодисоо авах ёстой. Шөнөжин тоглоод ядарсан хүүхэд тэмцээнд орж амжилт үзүүлэхэд хэцүү. Харин ч сөрөг үр дагавар үүснэ.
Жишээлбэл өдрийн 10 цагийг бэлтгэл, судалгаа, тэмцээн зэрэгт тэнцүү хувааж зарцуулах хэрэгтэй гэсэн үг. Өндөр түвшний амжилт үзүүлж, мэргэжлээ болгохыг хүсвэл өдөрт авах уураг, нойр, дасгал, бэлтгэл гэх мэт зохион байгуулалтаа гаргах ёстой. Үүний дагуу амьдарч чадсанаар дэлхийн хэмжээний өрсөлдөгчдөөсөө илүү гарч чадна.
“МАНАЙ ТАМИРЧДЫН АМЖИЛТЫН ГОЛ НУУЦ НЬ ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ. ӨДӨР ШӨНӨГҮЙ ТОГЛОСОНДОО БИШ”
– Том жижиг багт тоглоод явж байгаа хүүхдүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ. Зарим хүүхдийн ар гэрээс дэмий тэнэлээ, цагаа буруу зараад байна гэж шүүмжилж байгаа нь олон нийтийн сүлжээнд харагддаг.
– Жижиг том гэлтгүй багуудыг хүчээр хязгаарлана гэж байхгүй. Сайн дурын үндсэн дээр явсны эцэст чадаж байгаа нь амжилтад хүрдэг. Энэ бол байгалийн хууль. Тэр багуудын зам мөрийг би зааж болохгүй.
Гол нь тухайн хүүхдийн хувийн зохион байгуулалт. PUBGM тоглоом бол багийн спорт. Тэгэхээр ямар хүүхэдтэй нийлж яваа, зорилго мөрөөдөл нэг байна уу гэдгийг нэн түрүүнд харах хэрэгтэй. Үүний дараа хувийн зохион байгуулалтаа хараат бусаар өөрөө хийх ёстой.
Мэдээж шөнөжин тоглох, гадуур явбал бүх эцэг эх уурлана. Хэнтэй нийлж, ямар хоол идэж, юу хийж байгааг ар гэрийнхэн нь мэдэх чухал. Хүүхдүүд боломж нь олдвол цагийг үр ашиггүй өнгөрөөх гээд байдаг.
Манай тамирчдын амжилтын гол нууц нь хувийн зохион байгуулалт. Өдөр шөнөгүй тоглосондоо биш. Компани болоод менежментийг хэрэгжүүлнэ гэдэг нь зөв цагт хооллож, дасгал хөдөлгөөн хийлгэж, тоглуулснаар амжилтад хүргэж байгаа юм.
– Танай баг тамирчдынхаа амьдрах орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэн бэ?
– Бид тусдаа орон байранд 24/7 хамт байдаг. Зарим амралтын үеэр ар гэртээ очно. Байрлаж буй газартаа цагийн хуваарь болон дүрэм гаргадаг. Мэдээж баг хариуцсан менежер нь өдөр тутмынхаа үйл ажиллагааг хариуцаад явна. Эцэг эхчүүдээс гомдол санал ирдэггүй.
Спортод ялалт байгуулбал чадсан мэдрэмжийг тамирчин авна. Энэ бүхнээс бие даах, манлайлах чадвар нь хөгждөг. Манай баг дэлхийн аваргад түрүүлсний дараа хүүхдүүд, олон нийт таньдаг болсон. Тиймээс бага наснаасаа нэр төрийг хадгалж явах хариуцлага гэдэг зүйлд суралцаж байгаа гэсэн үг.
– Энэтхэг, Хятад, Турк зэрэг улс зөвхөн дотроо лигтэй. Манай улс иймэрхүү системтэй болох боломжтой юу?
– Гол нь хэрэглэгчид чухал. Монголын хувьд нэг хүнд ногдох тоглоомын тоо өндөр боловч нийт хэрэглэгч нь цөөн. Тэгэхээр том байгууллагууд албан ёсны лигийн эрхээ өгөх сонирхол бараг байхгүй.
Харин төв Азийн багууд манай улсад ирж оролцох боломжтой. Гэвч дэд бүтцийн асуудал яригдана. Жишээлбэл интернэт, сервер, аюулгүй байдал, дэмжигчдийн тав тух зэрэг чухал байгаа.
Ер нь 16 орны шилдэг 16 баг ирнэ гэдэг мөнгө гэхээс илүүтэй, тэмцээнд ирж буй дэлхийн мэргэжилтнүүдээс манайхан суралцах боломжтой. Тэдний менежментийг сурч авснаар дараачийн том тэмцээнүүдийг бие дааж зохион байгуулах юм.
“ТЭД НАРТ ТАМИРЧИН БАЙХ СЭТГЭЛЗҮЙ, ХУВИЙН САХИЛГА БАТ, ЁС СУРТАХУУНЫГ ЗААЖ ӨГӨХ ЁСТОЙ БОЛНО”
– Энэ салбарт явж буй хүүхдүүдийн үе тэнгийнхний дийлэнх нь их дээд сургуульд сурч байгаа. Тэгвэл и-спортын тамирчид дээд боловсролыг хэрхэн зохицуулдаг вэ. Зодог тайлсан тамирчны цаашдын замналын талаар?
– Тамирчдынхаа сургуулийн удирдлагуудтай цахимаар суралцах боломжийн талаар ярилцдаг. Мөн сургуулийн удирдлагуудад баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.
Зодог тайлсныхаа дараа и-спортын салбартаа үлдэх боломжтой. Дэлхий дахинд и-спортын академи маш хөгжсөн. Тиймээс багшлах, дасгалжуулагч болох, үргэлжлүүлээд цахим маркетингийн салбарт хүч үзэж болно.
Дэлхийн цаашдын хөгжил, цахим спортын ирээдүйг сайн харвал томоохон зүйлийн жижигхэн хэсэг болоод олон жил явж болно шүү дээ.
– Таны зорьж буй цахим спортын академи байгуулах ажлын явцын талаар хуваалцана уу?
– И-спорт бол оюуны төрөл, ирж яваа цаг юм. Хэрэв олон улсад тууштай өрсөлдөхийг хүсвэл академик буюу боловсрол олгох шаардлагатай болно. Бид шиг жижиг компани байгуулагдаад явбал маш бага хүртээмжтэй.
Академи бий болсноор 100 хүүхдээс ядаж 10 нь олон улсад гарах боломж бүрдэнэ. Гэтэл компани журмаар явбал 10 хүүхдээс нэгийг нь авч чадна шүү дээ.
– Таны байгуулах академи хүүхдүүдэд юу заах вэ?
– Өнөө цагт цэцэрлэгийн хүүхдүүд маш сайн хэлний боловсролтой болсон. Тэд нарт тамирчин байх сэтгэлзүй, хувийн сахилга бат, ёс суртахууныг зааж өгөх ёстой болно.
Жишээлбэл тамирчин гээд онгироо байх уу, бусад хэрхэн харьцах, уналт босолтын үед өөрийгөө яаж удирдах, бэлтгэл, ур чадварыг бий болгох зорилготой юм.
– Танай багийг Монгол Улсын Цахим элчээр шалгарууллаа. Амжилтаа үнэлүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ амжилт гаргасны дараа бус энэ салбарыг хөгжүүлэх суурийг төрийн зүгээс тавих ёстой юу?
– Тамирчдад тааламжтай байсан. Одоогоор төр маань ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ ирээдүйд Монгол Улс цахим спортоор дэлхийн хаана байх ёстой вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байгаа. Үүний тулд бодлогын баримт бичиг боловсруулах ёстой.
Жишээлбэл цахим спорт Азийн наадамд орсон. Олимп руу орох нь цаг хугацааны асуудал. Тиймээс Биеийн тамир спортын улсын хорооны дүрэмд байдаг шиг мэргэжлийн спорт гэж хүлээн зөвшөөрөх юм.
Тайланд, Араб, Румын шиг зөвшөөрчихвөл олон улсын тэмцээн зохион байгуулах боломж бүрдэж эхэлнэ. Монгол Улс албан ёсоор и-спортыг хүлээн зөвшөөрлөө гэсэн бодлогын баримт бичиг гарвал олон улсын томоохон ивээн тэтгэгч байгууллагууд манай улс руу айхгүйгээр орж ирнэ.
Үүний дараа академийн болон уралдаан тэмцээний хөрөнгө оруулалтын урсгал манай улс руу чиглэнэ. Энэ бол нэг төрлийн эдийн засгийн солонгорол шүү дээ.
– Эдийн засгийн үр өгөөж талаас дэлгэрүүлбэл?
– Төр хувийн хэвшилтэйгээ хамтраад бодлогын бичиг баримтаа гаргах хэрэгтэй. Цахим спортын салбарын суурийг бэлдэж өгөх нь Монголыг дэлхийд сурталчлах боломж. Монгол хүүхдүүдийн оюуны чадамж маш сайн учраас гаднынхан тэр ур чадварыг ашиглахаар мөнгө төлнө шүү дээ.
Гэхдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу зөв зохион байгуулалтын дагуу хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр манай улс дэлхийд цахим спортоор ноёлох боломж бүрдэнэ. Энэ бол маш том эдийн засаг гэж болно. Цахим спортын тоглоомын зөвхөн дэд бүтцэд 180 тэрбум ам.доллар эргэлддэг.
“ДЭЛХИЙН АВАРГА ГЭДЭГ НЭРИЙГ ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД АВААГҮЙ. ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БЭЛТГЭЛ, СЭТГЭЛЗҮЙ, УР ЧАДВАРЫГ БИЙ БОЛГОСНООР БИД ХҮРТЭЖ ЧАДСАН”
– Танай багийн дэмжигчийн хувиар асууя. 2020 оны дэлхийн аваргаас хойш “IHC esports” уналттай байсан гэхэд хилсдэхгүй. Аварга гэж дуудуулах хүртэл амаргүй шатуудыг тууллаа. Азийн аваргын дууссаны дараа Zoyl нулимстай үлдэж байсан үе ч байдаг. Гэтэл дэлхийн аваргын үнэ цэнтэй тоглож боллоо шүү дээ. Уналтын үед өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйг бэлдэх хэр байсан бэ?
– Нуухгүй ярихад 2020 онд дэлхийн аваргын хүрэл медаль бол төсөөлөөгүй зүйл. Хүн байнгын хүчтэй байж чадахгүй. Дэлхийн аваргад медаль авч үзсэн юм чинь уналтыг ч мэдрэх ёстойг хүүхдүүддээ сануулсан.
Оргил болон ёроол хоёр нь ямар байсан бэ гэдгийг мэдэрсний дараа хүүхдүүд өөрсдийн сэтгэлзүйгээ бэлдэж эхэлсэн. Олон жил явсан туршлага ур чадвараа хэрхэн ашиглах вэ гэдэг тухайн хүүхдийн асуудал.
Дэлхийн аварга гэдэг нэрийг зүгээр сууж байгаад аваагүй. Зөв зохион байгуулалт, бэлтгэл, сэтгэлзүй, ур чадварыг бий болгосноор бид хүртэж чадсан. Уналттай үе хамгийн хэцүү, ивээн тэтгэгч нар тоохгүй үе байж. Гэхдээ эргээд харахад тэр бүх асуудлуудыг хамтдаа даваад гарсан байна.
Ер нь манай тамирчид мөнгө, байр, машинаас илүүтэй хувь хүний хүмүүжил, үзэл бодлоо бий болгож байгаа нь тодоор тэмдэглэх үнэ цэн юм даа.
– Ярилцсанд баярлалаа. Цаашдын спортын амжилт нь арвин байх болтугай.
– Баярлалаа.