Долларын ханш бууж, төгрөгийн ханш чангарч буй эерэг мэдээ байна. Төв банкны арилжааны банкуудад санал болгож буй долларын ханш 3399 төгрөг болж буужээ.
Энэ талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ бол сайн үзүүлэлт бас олон ажлын үр дүн юм. Жил гаруйн өмнө Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдож байхад 1 доллар 3550 төгрөг орчим болчихсон, гурван ч ханштай, доллар олддоггүй байсан. Нүүрсний хулгайчдын увайгүй үйлдэл төгрөгийн ханш унахад их нөлөөлж байсныг нүүрсээ биржээр зарж, ил тод байдлыг ханган, онцгой дэглэмээр ажиллаж эхэлснээс хойш хүмүүс сайн ойлгодог болсон” гэж нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлэв.
Харин олон нийтийн зүгээс “Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад долларын ханш 1800 төгрөгтэй тэнцэж байсан. МАН буюу танай нам Засгийн эрх аваад долларын ханшийг 3500 төгрөгт хүргэж чангаруулсан. Түүнээс болж, бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч, эдийн засгийг дордуулсан” гэж зэмлэсэн юм.
Долларын ханшийг тогтворжуулах, буулгах нэг арга нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал гэж эдийн засагчид үздэг. Засгийн газрын хувьд өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр арга хэмжээ авсан ч төдийлөн сайн нэмэгдэхгүй байгаа. Гэхдээ дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа, мөн Монгол Улсын нүүрсний экспорт сайн байгаа зэрэг нь валютын нөөц бүрдүүлэхэд том дэмжлэг болсон төдийгүй төгрөгийн ханш чангарахад эерэг нөлөө үзүүлээд буй.
Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.