Зам тээврийн ослын улмаас газ тээвэрлэж явсан машин хийгээ алдсанаар харамсалтай осол өчигдөр гарсан. Тэгвэл хот дотор болон хот хооронд, бусад замд тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэж яваа техник хэрэгсэл, жолоочид ямар шаардлага тавьдаг талаар холбогдох журмын мэдээллийг хүргэж байна.
Нийслэлээс тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх үеийн зохицуулалтыг асуухад Замын цагдаагаас тодруулах нь зүйтэй гэсэн юм. Үүний дагуу холбогдох журмын заалтуудыг танилцуулъя.
Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил тасралтгүй жолоодсон, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх заалттай. Мөн жолооч нь тэсрэх материалтай харьцаж ажиллах, ажилчдыг бэлтгэх сургалтад хамрагдсан байна. Үүнээс гадна найман цагаас дээш хугацаагаар тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлд ээлжийн жолоочийг хамтад нь томилно. Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримт авч явахаас гадна дараах тээвэрлэлтийн бичиг баримттай байна. Үүнд:
- тээвэрлэлтийн маршрут \замнал\-ын схем,
- тухайн тээврийн хэрэгсэлээр тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл,
- тээвэрлэж яваа тэсрэх материалуудын ослын карт,
- тээвэрлэгч байгууллага нь замын хуудасны зүүн дээд талд аюултай ачаа гэсэн тэмдэг улаанаар дарахыг тусгажээ.
Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь батлагдсан замналыг зөрчих, өөр газарт зогсолт хийх, хурд хэтрүүлэхийг хориглоно.
Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд ачааг илгээгч болон хүлээн авагч байгууллагад шуурхай холбоогоор мэдэгдэж, суурин газраас 200 метрээс багагүй, замын баруун гар талыг шахаж, хойно ба урдаа 100 метрийн зайд ослын зогсолтын тэмдэг тавих, шаардлагатай гэж үзвэл ачааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна. Харин зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэм болон ослын картанд заасны дагуу шуурхай ажиллаж, шаардлагатай гэж үзвэл онцгой байдал болон эмнэлгийн түргэн тусламж дуудах, зам тээврийн осол, хэргийн газар руу гадны хүмүүсийг ойртуулахгүй байх арга хэмжээ авна.
Тэсэрч, дэлбэрэх бодис тээвэрлэж яваа жолооч автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдал, ачааны татлага, лац ломбо болон тэвшний хаалга хаалтуудад тус тус хяналт тавьж ажиллана. Дэлбэрэх эрсдэлтэй материал тээвэрлэж яваа жолоочид дараах зүйлийг хориглоно. Үүнд:
- гэнэт хурдан хөдөлгөөн хийх, огцом тормозлох,
- бүрэн бус автомашин чирэх,
- хөдөлгүүрээ унтрааж, хурдны хайрцаг холбоосуудыг салгаж өнхөрүүлэх,
- 100 метрийн дотор ил гал гаргах, тамхи татах,
- зайлшгүй шаардлага гарснаас бусад нөхцөлд ачаатай тээврийн хэрэгслийг хамгаалалтгүй орхиж явах.
Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд ачааны бичиг баримтад тусгаагүй ачаа бараа, гадны хүн хамт авч явахыг хориглох заалттайг журамд онцолжээ.
ТЭСРЭХ МАТЕРИАЛ ТЭЭВЭРЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТЕХНИКИЙН ТУСГАЙ ШААРДЛАГА ТАВЬДАГ
Тусгай зориулалтаар үйлдвэрлэсэн, тоноглогдсон тээврийн хэрэгсэл, чиргүүлийг үзлэг оношлогоонд хамруулж, тээврийн хэрэгсэлд байршил тогтоогчийг суурилуулсан байна. Тэсрэх материалыг зориулалтын, тусгай тоноглогдсон шингэн түлшээр ажилладаг автомашинаар тээвэрлэнэ. Тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарч байгаа утааны яндан оч баригчтай байхаас гадна түлшний савнаас алслагдсан бөгөөд ззориулалтын авто машины тэвшний хана, шал нь үрэлтээс оч үүсэхээргүй галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна.
Тэсрэх материал тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн түлшний банкны хойд ба урд хэсэгт нь төмөр хаалтаар тоноглох, доод талаас нь 10х10 мм торлож нүхэлсэн төмрөөр хамгаалсан байх бөгөөд хамгаалалт болон түлшний савны хоорондох зай 20 мм-ээс багагүй завсартай байна.
Түлшний банк нь хөдөлгүүр, цахилгааны утаснууд, утааны яндангаас алслагдсан зайнд байрласан байх бөгөөд түлш шатахуун гоожих тохиолдолд газарт шууд асгарахаар байрласан байх ёстой.Хүчдэл нь 24 В-аас их байж болохгүй. Цахилгааны хэлхээнд хүчдэлийн хэлбэлзэлээс хамгаалах гал хамгаалагчтай байхаас гадна жолооч бүхээгнээс удирдлагаар бүх хүчдэлийг салгах боломжтой байна. Цахилгааны утаснуудыг найдвартай тусгаарласан, богино холболт үүсэхгүй маш сайн бэхэлсэн, машины доргилт, цохилтод гэмтэхээргүй утааны яндангийн халалтаас хамгаалсан зайнд тоноглосон байна.
Цахилгаан утасны хамгаалалтын гадарга нь байгаль цаг уур болон бусад нөлөөлөлд тэсвэртэй байна.
Бүхээг нь галд тэсвэртэй,бат бөх материалаар хийгдсэн, бэхэлгээ сайтай байх шаардлага тавигддаг байна.
Тэсрэх материал тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нь дараах иж бүрдэлтэй байна.
- бүхээгний дээр болон тэвшний баруун, зүүн хойд талын дээд өнцөгт шар гэрэл буюу гэрэл ойлгогч байрлуулсан байна,
- машины дугуйны хэмжээнд таарсан 2-с доошгүй ивүүр,
- 5 литрээс багагүй хэмжээтэй 2-3 галын хор/ашиглалтын хугацаа дуусаагүй,
- гал унтраах цохиур,
- шуурхай засвар үйлчилгээ хийхэд шаардагдах иж бүрэн багаж түлхүүр,
- улаан гэрэлтэй анивчих гар чийдэн,
- Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Орохыг хориглоно” тэмдэг хоёр ширхэг,
- ослын зогсолтын тэмдэг 2 ширхэг,
- гулгалтаас хамгаалах гинж,
- эмийн сан.
Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгсэлд өөр төрлийн ачаа ачихыг хориглоно.
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ТЭЭВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
Тусгай бодис тээвэрлэж байгаа техник хэрэгсэл зайлшгүй зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тодруулбал,
- Зөвшөөрөл хүссэн албан бичиг
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
- Жолооны үнэмлэхний хуулбар
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
- Мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар
- Тэсэлгээний харьцахын үнэмлэх
- Татвар, даатгал төлсөн гэрчилгээний хуулбар
- Тээврийн хэрэгслийн зураг 4 талаас авахуулсан байдал
- Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч баталгаа гаргуулсан албан бичиг
- Оношлогооны дүгнэлтийн хуудас
- Тэсэр дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам, аюултай ачаа MNS 4978:2000 стандартад заасан шаардлага хангасан байх ёстой.