Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтохтой ярилцлаа.
-Өнгөрч буй нэг жилийн хугацаанд эрчимтэй ажиллаж, салбарын хэмжээнд томоохон эрх зүйн зохицуулалтуудыг хийлээ. Тэдгээрийн нэг нь салбарын санхүүжилтийн хэлбэр, бүтцийн шинэчлэл. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.
-Cанхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тогтоож, санхүүжүүлэх журмыг Засгийн газрын 409 дүгээр тогтоолоор батлуулсан. Салбарын хэмжээнд зөвхөн өрсөлдөөнт санхүүжилттэй байсан хүрээлэн, төвүүдэд судалгааны үндсэн чиглэлд санхүүжилт олгосноор манай салбарын санхүүжилт хосолсон хэлбэртэй болж, судалгаа хөгжүүлэлтийн ажил тогтмол санхүүжилттэй байх боломж бүрдсэн. Ингэснээр тухайн байгууллага эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг улсын хөгжлийн бодлого, улс оронд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, салбар хоорондын болон салбар дамнасан хамтын ажиллагаатай уялдуулан төлөвлөн хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа.
Энгийнээр тайлбарлавал, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын стратеги, засаглалыг дэмжсэн санхүүжилт юм. Ийм ч учраас тус санхүүжилтийг гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах эсвэл байгууллагынхаа материаллаг бааз, лабораторийн орчинг сайжруулахад зарцуулж болно.
Үүнээс гадна бид Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг боловсруулан батлуулсан. Энэ журмын гол шинэчлэлийн агуулга нь гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох, төслийн сонгон шалгаруулалт үнэлгээний тогтолцоо сайжруулах, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тусгагдсан 6 арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.
-Олон улсад хувийн судалгаа хөгжүүлэлтийн байгууллагуудын оролцоо жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн байгууллагууд БШУЯ-аас хэрхэн дэмжиж байна вэ?
-Тиймээ, дэлхийн хэмжээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд хувийн хэвшлийнхний оруулж буй хувь нэмэр маш өндрөөр тооцогдож байна. Мэдээж бодлогын яамны зүгээс хувийн хэвшлийн шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх талаар ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал, Шинжлэх ухаан технологийн тухай хууль болон Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулиудад хувийн хэвшлийн оролцоог, дэмжлэгийн зохицуулалтыг маш сайн тусгаж байгаа. Үүнээс гадна, бид Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газраар батлуулсан.
Энэ журмын гол агуулга нь технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүнчлэлээр бүртгүүлсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тодорхой үр дүн гаргаж байгаа хувь хүн, эрдэмтэн судлаач, компани, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг гарааны компани болгон өргөжүүлж татварын бодлогоор дэмжин улмаар эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа.
Энэ эрх зүйн орчны хүрээнд шаардлага хангасан нийт 6 хамтын оффис, технологи дамжуулах төвүүдтэй хамтран ажиллах гэрээг Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулсан. Эдгээр хамтын оффис, технологи дамжуулах төвийн гишүүн аж ахуйн нэгж нь инновацийн төслөө бүртгүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасан дэмжлэгийг эдлэх боломжтой болж байгаа юм.
-Цар тахлаас хойш дэлхийн хэмжээний томоохон бодлого, чиглэлүүд өөрчлөгдөж, НҮБ хүртэл Тогтвортой хөгжлийн зорилтуудаа өөрчлөх талаар яригдаж эхлээд байна. Тэгвэл манай улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг та бүхэн хэрхэн харж, тодорхойлж байгаа вэ?
-Хүний болон санхүүгийн хязгаарлагдмал нөөцтэй манай улсын хувьд Тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох зарчим маш ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын байгаль, нийгэм, аж үйлдвэрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй нягт уялдсан цөөн тооны нарийвчилсан чиглэл, технологийг тодорхойлох ёстой. Бид энэ зарчмаар 6 тэргүүлэх чиглэл, 18 цөм технологийг 2023 онд тодорхойлон Засгийн газраар батлуулсан байгаа.
Мөн түүнчлэн, эдгээр тэргүүлэх чиглэл, цөм технологийн үндэслэл, хүрэх үр дүн, хамрах хүрээг Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар нарийвчлан баталж өгснөөр онцлог болсон. Бас нэг дурдах ёстой зүйл нь тус тэргүүлэх чиглэл, цөм технологи нь Төрөөс хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, Тэрбум мод үндэсний санаачилга, Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн зэрэг дунд хугацааны томоохон бодлогуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, суурь нөхцөл, технологийг бий болгоход чиглэгдсэн.
-Салбарын гол хөдөлгөгч хүч болох хүний нөөцийн хөгжил, цалин, нийгмийн асуудалд бодлогоор хэрхэн анхаарч байна вэ?
Шинжлэх ухааны салбарын хамгийн чухал нөөц бол хүний нөөц гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн ойлгож байгаа. Эдгээр хүний нөөцөө алдчихгүй бас шинэ нөөцийг татах гол хүчин зүйл нь цалин, нийгмийн хамгаалал, ажиллах нөхцлийг сайжруулах асуудал юм. Бид салбарын албан хаагчдын цалингийн сүлжээнд шинэчлэл хийж, Засгийн газрын 2023 оны “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 241 дүгээр тогтоолоор салбарын албан хаагчдын цалингийн системд өөрчлөлт оруулан шатлалгүй болгож, доод хэмжээг 1,100,000.0₮ байхаар буюу 41.5%-иар нэмэгдүүлсэн томоохон үр дүнг гаргаад байгаа. Ингэж цалингийн доод хэмжээг тогтоож өгсөн нь тухайн албан хаагч ур чадвараа үнэлүүлэн цалинжих боломжтой болсон ба дээд хязгаарыг тогтоогоогүй нь онцлог юм.
Түүнчлэн, Залуу судлаач нар чиглэсэн “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг 14 судлаачдад олгодог байсан 4 сая төгрөгийн грантыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалангийн шийдвэрээр өнгөрсөн жилээс эхлэн 10 сая болгон нэмэгдүүлсэн нь эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, оюуны үнэлэмжийг нэмэгдүүлсэн чухал шийдвэр болсон гэж харж байгаа.
Ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд төрийн өмчийн томоохон институт, их сургуулиудад нэр хүндтэй шинжлэх ухааны хэвлэлийн газруудын эрдэм шинжилгээний 20,000 гаруй сэтгүүл, 70,000 номыг унших болон судалгаа үнэлгээний олон улсын SCOPUS, DIMENSIONS мэдээллийн санг ашиглах эрхийг олгож байгаа. Ингэснээр дэлхийн мэдлэгийн санд Монгол эрдэмтэд судлаач нар зочлож мэдээ, мэдээлэл, өгүүлэл бүтээлийг татаж авах, унших мөн холбогдох олон улсын өндөр зэрэглэл бүхий сэтгүүлүүдэд бүтээлээ туурвих боломжтой болж байгаа. Үүнээс гадна олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд хэвлүүлсэн 6 бүтээлийг хиймэл оюун ухаан болон ажлын хэсгийн хүрээнд шалгаруулж тус бүр 10 сая төгрөгөөр жил бүр урамшуулах ажлыг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Дээрх бодлогын шийдлүүд болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын өөрсдийн идэвх, санаачилгын үр дүнгээр SCOPUS бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын тоонд багтаж байна. Мөн манай эрдэмтдийн бүтээлээс зөвхөн SCOPUS-аас 20.0 мянга гаруй удаа эшлэл хийгдэж байгаа ба гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо жилд дунджаар 14 хувийн өсөлттэй байна.
Түүнчлэн, орчин үеийн, стандартад нийцсэн судалгаа шинжилгээ хийх орчинг бүрдүүлэх зорилгоор “Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэгдсэн цогцолбор” дэд бүтцийн төслийг эхлүүлсэн. Энэ төсөл маань амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу 2024 оноос цогцолборын лабораторийн барилгууд хэсэгчлэн ашиглалтад орохоор байгаа.
-Цар тахлын үед дэлхийн хэмжээнд гадаад харилцааны асуудал удааширсан байсан нь одоо сэргэж байна. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад болон дотоодын хамтын ажиллагаа хэр өргөжсөн бэ?
-Олон улсын шинжлэх ухааны салбарт “Science Engagement” буюу “Шинжлэх ухааны оролцоог” маш чухалчилж байна. Шинжлэх ухааны үйл ажиллагаа гэдэг нь нэг салбарын бус олон салбар, салбар дамнасан байдлаар хэрэгжиж байна. Аливаа нэг эрдэм шинжилгээ судалгааг төлөвлөхөөс эхлээд, хэрэгжүүлэх, үр дүнг ашиглах хэрэглэх хүртэл олон салбарын оролцоог хангасан цогц үйл ажиллагаа болгон харж, хэрэгжүүлж байна. Гадаад хамтын ажиллагаа бол манай улсын хувьд технологи, лаборатори, тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлаа нөхөх нэг чухал механизм юм. Ялангуяа хөрш орнууд, хөгжингүй гуравдагч орнуудтай хамтарснаар бид салбарын хүний нөөцийг хөгжлийг хангах, харилцан мэдлэг туршлага солилцох, тэдгээрийн дэвшилтэт технологийг богино хугацаанд нутагшуулах, бүс нутгийн асуудлаа хамтран шийдвэрлэх гээд олон давуу талтай. Энэ жил манай салбарт гадаад харилцааны хувьд их өгөөжтэй жил өнгөрч байна.
Тухайлбал, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй шинжлэх ухааны салбарын төлөөлөл БНХАУ-д ажиллаж БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд болон бусад төлөөлөлтэй албан ёсны уулзалт, хэлэлцээрийг хийн үндсэн 5 чиглэлд хоёр талаас хамтран ажиллахаар тогтсон.
Мөн түүнчлэн, ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран хэрэгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэрээг Оросын Шинжлэх ухааны сантай шинээр байгууллаа. Уламжилт хамтын ажиллагаатай Япон улсаас гадна Солонгос болон Герман улстай шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг бүх чиглэлд өргөжүүлэхээр тогтоод байна. Энэ хүрээндээ Солонгос улсын Шинжлэх ухаан, технологийн төлөвлөлт, үнэлгээний агентлагтай, Герман улсын Боловсрол, судалгааны яам, Германы судалгааны сантай 2024 оноос хамтарсан төсөл, чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтоод байгаа.
Үүнээс гадна, түүхэн нэг шийдвэр гарсан нь 2024 онд Азийн шинжлэх ухааны паркийн 27 их хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах болсон явдал юм.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн олон ажлууд байгаа байх яриад байвал нэлээд үргэлжлэх байх, тиймээс одоо би танаас цаашид салбартаа хэрэгжүүлэх томоохон бодлогын зорилт, арга хэмжээг тодруулаад энэ ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна.
-Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн бүхий л ажлууд Боловсролын шинжлэх ухааны сайдын манлайлал дор хийгдсэн, зарим санал санаачилга ирэх жилд үргэлжлээд явагдана. Цаашид манай салбарт хийгдэх томоохон зорилт бол манай салбарын суурь хууль болох Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд хийгдэх шинэчилсэн найруулга, Шинжлэх ухааны паркийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийг боловсруулан батлуулах явдал юм. Энэ хүрээнд дээрх хуулиудын холбогдох судалгаа, тооцооллыг хийж, үзэл баримтлалын төслийг батлуулахаар ажиллаж байна.
Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 38.2 дахь заалтад туссан шинжлэх ухааны нэгдсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх мөн шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлага, зохион байгуулалт, бүтэц тогтолцоог оновчтой тогтоох, судалгаа хөгжүүлэлтийн чанар, үр дүн, үнэлгээг нарийвчлах, шинжлэх ухааны урьдчилсан мэдээ тооцоолол, үндэсний, бүс, орон нутгийн түвшинд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, хувийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гол гол зохицуулалтыг тусгасан. Харин Шинжлэх ухааны паркийн хуулийн тухайд “төр – шинжлэх ухаан – үйлдвэрлэл, бизнес”-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Шинжлэх ухааны паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, шинжлэх ухааны парк байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахаас гадна өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зохицуулалтууд тусгагдаж байгаа.