Аймгийн шилдэг фермер Д.Мөнхбат
Хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу болох одоогийн Төв аймгийн Баянчандмань сум нь 1936 онд байгуулагдаж байсан. Төв аймгийн сумд дундаас хамгийн бага газар нутгийн хэмжээтэй ч, хүн амын нягтаршлаараа хамгийн их гэдгээрээ онцлог нутаг. Одоо 1180 өрхийн 4000 гаруй хүн амтай энэ газарт сумынхаа ихэнх малчдыг хоршоондоо нэгтгэж чадсан Илт оргил хоршооны дарга Д.Мөнхбатын тухай буусан сэтгэлийн үгээ чадан ядан тэрлэе.
Эгэл гэдэг үгийг “Монгол хэлний их тайлбар толь”-д эгэл жирийн гэсэн утгатай үг ажээ. Тэгэхээр хүний тухайд бол энгийн иргэнийг хэлж байна гэсэн үг. Хүн төрөлхтний амьдрал гэдэг эгэл жирийн хүмүүсийн хийж бүтээснээс эхэлдэг санагдана. Жирийн гэхэд дэндүү энэ эрхэм хүнийг зорин очиход өвлийн жиндүүхэн өдөр таарлаа. Арга ч үгүй байлгүй дээ. Балчир гурван ес шударч идэр гурван ес эхэлж байгаа цаг үе юм хойно доо.
Яг энэ үед бид утаа, түгжрэл, уур унтуутайхан нийслэлээсээ гарч Төв аймгийн Баянчандмань сумыг зорьсон юм. Тэнд сумандаа төдийгүй улсдаа томоохонд тооцогдох сүү бэлтгэлийн хоршоо нээж, амжилттай ажиллуулж буй эрхэм хүн байгааг сонссон учир нь түүнтэй уулзахыг хичээн явлаа. Өглөөгүүр хөдөлсөн бид замын бартаа, хүйтэн, дээр нь машины саатлаас болж зорьсон газраа үдэш хүрлээ. Гэрийнхээ хойморт ханхайн суух хүн бол бидний зорьсон эзэн Д.Мөнхбат, биднийг тухтай зочлохыг урин инээмсэглэх эзэгтэйг Т.Урантогос гэнэ. Тэд хоёул энэ нутгийн уугуул хүмүүс.
Нэгэн зууны талд нь амьдрахдаа амьдралын төлөө хийж үзээгүй зүйл үгүй энэ эрхэм хүнийг Дэчинлхүндэвийн Мөнхбат гэдэг. Тэрбээр 1970 онд Төв аймгийн Баянчандмань суманд төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр нутагтаа 8 жилийн сургуулийг дүүргэн, бусдын нэгэн адил бага насаа мал маллаж өнгөрүүлсэн байна. Эцэг эхээс өвлөсөн гэх үү, сурсан гэх үү мал маллагааны арга ухаан гэдэг бол Монгол өв уламжлалын нэг цогц ухагдахуун юм шүү. Би энэ амьдралын төлөө олон ажил хийж үзсэн ч эргээд бүгд л мал маллагааны ухаантай ямар нэгэн байдлаар холбогдож байсан. Ингээд бодохоор зөв хүнийг заяа түшдэг юм гэлээ. Их л сэтгэлд дулаахан, үнэн үг санагдана.
Бид оройтож очсон ч “Шөнөд оройгүй, шөлөнд дээжгүй” гэдэгчлэн тухлан сууж, уртхан яриа өрнүүлж чадлаа. Д.Мөнхбат ахыг сонсох төдийд л ямар ажил хичээнгүй хүн бэ гэдгээр нь эрхгүй бахархаж байлаа. Нутаг орондоо дэндүү элгэмсэг, амьдралдаа таарсан бүхний хар бараануудаас суралцаж, цагаанаас нь ярих дуртай гэнэ. Маш цөөн үгээр хэлэхэд ихэд тохитой нэгэн аж.
Тэрбээр өөрийгөө тодорхойлж хэлэхдээ бага балчир насандаа мал маллаж байгаад л 19888-1990 оны хооронд цэргийн алба хааж ирээд их л том хүн болсон санагдаж билээ. Тэгээд л малын бөгс дагахгүй гээд л нутагтаа 1990-1993 хооронд махны ченж хийж байгаад олны хөлийг дагаж Улаанбаатар хот ороод тэндээ энэ чиглэлээрээ 2009 он хүртэл ажилласан байна. Энэ дундаа эхнэр Т.Урантогостой танилцаж ханилаад 3 хүүхдийн ээж аав болсон байна. Ингээд өнөр өтгөн болж ам бүл нэмээд 2010 онд нутагтаа эргэн суурьшжээ.
Одоо бодоход малын бөгс дагахгүй гэж их том толгойлж байж шүү. Мал гэдэг ямар их өгөөжтэй, ямар их буян хишгээ өгсөн сайхан амьтан билээ дээ. Тэр үед нас ч залуу байж, бас ардчилсан нийгэм гарсан гээд зах зээл хүртэл их өөрчлөгдөж байсан. Эргээд нутагтаа ирээд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр гэр бүлээрээ хичээн ажиллаж байна даа
88 жилийн түүхтэй энэ сайхан нутгийнхаа малчин бүрийг хоршоондоо нэгтгэж, өрхийн амьжиргааг нь нэмэгдүүлэх юм сан гэж хүсдэг дээ.
Хүн байгаа газар хоол байна. Хоол байгаа цагт хүнсний салбар ажиллуулах нь зүгээр гэдгийг би ойлгосон. Монгол хүний үндсэн 3 хэрэглээ гурил, мах, сүү. Ингэж бодохоор хүүхэд наснаас өвлөсөн малч ухаанаа эрчимжсэн мал аж ахуйн салбарт оруулбал би илүү их ашигтай ажиллаж чадна гэж бодоод энэ салбар луу орсон гэнэ. Өвөө эмээ, ээж аавын малын үр төл “Буган халиун” үүлдрийн малаа өсгөн үржүүлж байна гэлээ. Тэрбээр зөвхөн өөрийнхөө төлөө ажилласангүй. Бусад малчин фермерүүдийнхээ өрхийн орлого нэмэгдүүлэхээр зориг шулуудан 2021 оны 01 сард Ар гүнтэд анхны сүү бэлтгэлийн хоршоо нээж байгаа талаар сонсоод очиж үзээд тэр жилийнхээ 6 сард шаваа тавьж 7 сарын нэгнээс Илт оргил нэрт хоршоогоо нээж байсан тийм л шаргуу хөдөлмөрч нэгэн.
Илт оргил сүү бэлтгэлийн хоршоо анх эхлэхдээ 50 гаруй айлтай эхэлсэн бол одоо 120 айлыг хоршоондоо нэгтгэж чаджээ. Нутагтаа эргэн ирж эрчимжсэн мал аж ахуй эрхэлснээс хойш Сүүний үйлдвэртэй тасралтгүй хамтран ажилласан гэнэ. 2021 онд Илт оргил хоршоогоо нээснээс хойш өдгөө нийт 2.5 сая литр сүүг бэлтгэн нийлүүлсэн байна. Хоршооны гишүүн бүрийнх нь эрүүл чанартай сүү, сүүний үйлдвэрт очиж нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг ханган дэлгүүр бүрийн лангуун дээр очсон байхыг харах хамгийн том бахархал хэмээн сууна. Тэрбээр 88 жилийн түүхтэй энэ сайхан нутгийнхаа малчин бүрийг хоршоондоо нэгтгэж, өрхийн амьжиргааг нь нэмэгдүүлэх юм сан гэсэн цагаахан хүсэлтэй.
Хэцүү бэрхшээл бүхнийг инээмсэглэн хүлээн авдаг минь өнөөдрийн энэ амжилтад хөтөлсөн гэдэгт би итгэдэг
Хүмүүс ахлаад ажиллана гэдэг ганцаараа ажиллахаас ондоо би л тэдэндээ мал маллах, сүү бэлтгэх, идэш тэжээлээ бэлтгэхэд нь үлгэр дуурайлал болох ёстой болохоор тасралтгүй ажилладаг Д.Мөнхбат ах малын гол хэрэглээ болох бэлчээрийн даац хэтэрсэн тал дээр ихэд санаа зовнидог. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн хувьд өвөл зунгүй тээж байж ашиг шимээ өндөр өгдөг тул өөрөөрөө бэлчээрлэх боломжгүй. Одоо хоршоонд маань сүүгээ өгч байгаа өрх бүр бүгд л бэлчээр ашиглалт хамгийн том асуудал.
Бид газар олддог бол газар дээрээ хоршоогоо хамтран идэш тэжээлээ бэлтгэвэл сайхан даа гэж санаашран ярина. Үүний дараа айл бүрийнхээ саалийн үхрийг чанаржуулаад авбал манай хоршоо болоод ирэх нь тэр. Бид ч бас хамтаараа сумынхаа урлагийн үзлэгт оролцон, бас хамт олноор сайн дурын ажил хийх, шинэ жил гэх мэт баяр ёслолоо хамтдаа тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Төв аймгийн сүүн баярт 2 жил дараалан шилдэг сум боллоо. Өнгөрсөн жил шилдэг бух, шилдэг саальчин болсон арвин амжилттай оролцсон. Ингээд харахаар ганцаараа бүхнийг хийснээс олуулаа байхын ашиг шим хэмээлээ.
4 ханатай гэрт айлын хашаанд эхлүүлж байсан бүхэн маань өнөөдөр өөрийн гэсэн хашаа байшинтай, эрчимжсэн фермтэй, техник технологитой болсон байгаа нь энэ малын буян, хамтын хүч, бидний үргэлж дэмждэг Сүү ХК-ийн минь дэмжлэг гэж хардаг хэмээсэн энэ эрхэм хүний ажил хөдөлмөрч занг улс даяар мэдэхгүй ч, олон хүнд тус дэм нь очсон байна. Ямар ч хэцүү асуудлыг инээмсэглэн хүлээн авдаг минь, өнөөдрийн амжилтыг авчирсан гэдэгт би итгэдэг гэсэн Д.Мөнхбат ахын хэлсэн сайхан үгээр энэ удаагийн нийтлэлээ жаргаая.