Брюссель хотод чуулсан Европын Холбооны удирдагчид өчигдөр Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн ($54 тэрбум) санхүүгийн тусламж дээр санал нэгдэж чаджээ.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны хориг тавьж, саатуулаад байсан уг тусламжийн багц ийм түргэн шийдэгдсэн нь гайхмаар үр дүн байлаа.
“Бүх 27 гишүүн улсын тэргүүнүүд Европын Холбооны төсвөөс Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцлоо. Энэ нь Украиныг урт хугацаанд тогтвортой дэмжих, урьдчилан харах боломжтой санхүүжилт болж байна” гэж чуулганыг даргалсан Евро Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел сошиал хуудсандаа бичсэн байна.
Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү тусламжийн гүйцэтгэлийн явцыг хоёр жилийн дараа нягтлах саналыг Европын Холбооны бусад удирдагчид гаргаснаар Орбан хоригоо татжээ.
Украины ерөнхий сайд Денис Шмигаль “Украины ард түмний тэмцлийг дэмжих асуудал дээр нэгдмэл байр суурьтай байгаагаа Европын Холбооны гишүүн орнууд дахин нэг удаа харууллаа. Та бүхний санал нэг бүр манай ялалтад чухал ач холбогдолтой юм” гэж сошиал хуудсандаа талархан бичсэн байна.
“2024-2027 онд Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн санхүүжилтийг баталж чадсан Шарль Мишел болон Европын Холбооны удирдагчдад талархаж байна. Энэ шийдвэрийг 27 гишүүн орны удирдагчид бүгд дэмжсэн нь маш чухал бөгөөд Европын Холбооны эв нэгдлийн хүчийг дахин нэг удаа харууллаа. Украинд үзүүлэх Европын Холбооны санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэх нь урт хугацааны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал бөгөөд зэр зэвсгийн тусламж, Оросын эсрэг хориг арга хэмжээнээс дутахгүй ач холбогдолтой юм” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.
Украины өөр нэг хүчтэй холбоотон АНУ-ын тусламж гацаад байгаа энэ үед Европын Холбооны шийдвэр чухал нөлөө үзүүлэх юм.
Энэ мөнгөөр Украины засгийн газар ойрын дөрвөн жилийн төсвийн дутуугаа нөхөх боломжтой болж байна.
Тусламжийн багцыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх удаа хэлэлцэхэд Путиний холбоотон гэгддэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан ганцаараа хориг тавьж байжээ.
Түүнийг Украины хувь заяаг барьцаалан өөрийн засгийн газарт Европын Холбооны төсвөөс хуваарилах хөрөнгийг гацаанаас гаргахыг санаархаж байна хэмээн бусад гишүүн орнууд шүүмжилж байв.
Тусламжийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг өчигдөр болоход Орбантай Герман, Франц, Итали болон Европын Холбооны удирдлагууд тусгайлан уулзсан байна.
Энэ уулзалтаас өмнө чуулганы үеэр Орбан бусад гишүүн орнуудын удирдагчдад хүчтэй шүүмжлүүлсэн юм.
Тухайлбал Польшийн ерөнхий сайд Дональд Туск “Бидэнд Украины зовлон гэж нэрлэгдэх асуудал алга. Харин Орбаны зовлон л гэж байна. Виктор Орбан манай нийгэмлэгийн нэг хэсэг мөн эсэхийг шийдэх цаг болсон” гэж мэдэгдэж байв.
Бусад удирдагчид хэрвээ хоригоо татахгүй бол Орбаныг орхиод 26-уулаа цааш явах хувилбарыг хүртэл санал болгож байжээ.
Тухайлбал Европын Холбооны дүрмийн 7 дугаар зүйл заалтын дагуу Унгарын саналын эрхийг цуцлах санаа яригдаж байлаа.
Европын Холбооны төв удирдлага авлигатай тэмцэх, бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах зэрэг асуудал дээр хангалтгүй ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар Унгарын засгийн газарт хуваарилах 20 тэрбум еврогийн хөрөнгийг саатуулаад байсан юм.
Энэ асуудал Орбаныг хөшүүрэгдэх гол хүчин зүйл болсон бололтой.
Эх сурвалж: AFP