Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 21-нд ҮАБЗ хурал зарлаж, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дэд хурандаа С.Тайван дараах мэдээллийг өгсөн. Тэрбээр, нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, эвлүүлсэн дүрс бичлэг түгээсэн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажил явуулж байна. Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд түгээж, үндэсний эв нэгдэл, Монгол Улсын тусгаар тогтнолд халдах, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
Бид энэ сарын 20-ны өдөр сэжигтнээс мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан, хуурамч мэдээлэл түгээх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй” гэсэн.
Тэгвэл уг бичлэгийг хийсэн залууг дахин нэг сар цагдан хорихоор болсон тухай мэдээлэл гарч эхлээд байгаа юм.
Харин он солигдох мөч буюу 12 дугаар сарын 31-ний үдэш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг мэндчилгээний үг хэлэх үеэр дунд хуруу гаргасан зургаа нийгмийн сүлжээнд нийтэлсэн гурван иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгов. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг мэндчилгээ үг хэлэх үеэр гэр бүлээрээ дунд хуруу гаргаж эсэргүүцсэн үйлдэл үзүүлсэн гэр бүлд хэрэг бүртгэл үүсч, торгуулийн арга хэмжээ авч, гурван хүнд хариуцлага тооцсон. Зарим хүнд арга хэмжээ авахгүйгээр пост, мэдээллээ устгахыг зөвлөсөн. Энэ талаар ямар нэг гомдол санал ирээгүй, Ерөнхийлөгчийн тухай хууль, эрхзүйн хамгаалалтын хүрээнд дараах ажиллагааг явуулсан” гэж тайлбарласан.
Үүний дараахан зурагт руугаа дунд хуруугаа гаргаж зурагаа авч нийтэлсэн эмэгтэй нүүр номоороо дамжуулан уучлалт гуйсан юм.