Н.Мөнхбаатарын хувьд сүүлийн 20 орчим жил Өмнөд Солонгосын жуулчдад хөтөч тайлбарлагч хийж буй. Тэрбээр “Мэргэшүүлэх нэгдсэн сургалт байдаггүйгээс аяллын хөтөч тайлбарлагч нар гадаадын жуулчдад ташаа мэдээлэл өгөх тохиолдол бий. Зарим нь Монголынхоо үүх түүхийг мэдэхгүй, судлаагүйгээс түүхийг гуйвуулж, тайлбарладаг” гэдгийг хэлж байв. Мөн жуулчдад үйлчлэх мэргэжлийн ур чадвар, харилцааны соёлд анхаарах цаг нь болсон гэдгийг онцолсон юм.
Гадаадын жуулчид бие засах газар, хоол хүнс, амралтын ая тух, хөтөч тайлбарлагч нарын харилцааны соёлтой холбоотой гомдол санал их гаргадаг байна.
Хөтөч Н.Мөнхбаатар “Бас нэг анхаарах асуудал нь аяллын хөтөч тайлбарлагч нар жолоочтой болон найзуудтайгаа нийлж архидан согтуурч, шоудах явдал хавтгайрсан. Ажлын байрандаа архидан согтуурсантай адилхан. Мөн дээрээс нь жолооч нар нь машиндаа тамхи татаж, тоос шороотой хувцастай жуулчдад үйлчилдэг. Энэ бүх асуудлыг мэргэжлийн сургалтад хамруулж, үнэмлэх олгохыг дэмжиж байна” гэлээ.
“ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ НАРААС ГИШҮҮНЧЛЭЛИЙН 600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХУРААМЖИЙГ АВНА”
Монголын мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Амаржаргал:
-Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооноос жуулчны хөтөч тайлбарлагчдын гуравдугаар чуулганыг зохион байгуулж байна. Бид цар тахлаас хойш анх удаа чуулж байна. Сүүлд хоёрдугаар чуулганаа 2019 онд хийж, асуудлаа хэлэлцэж байсан. Хоёрдугаарт, Дэлхийн хөтөч тайлбарлагчдын холбоодын нийгэмлэг гэж бий. Манайх тэр байгууллагын гишүүн. Дэлхийн хөтөч тайлбарлагчдын холбоодын нийгэмлэгээс жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн хөтөч тайлбарлагчдын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. Тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрд байгаа жуулчны хөтөч тайлбарлагч нар тус өдрийг дээрх нийгэмлэгийн уриалга дор өөр өөрийнхөөрөө тэмдэглэж ирсэн.
Энэ оны тухайд дэлхийн хөтөч нар “Хөтөч тайлбарлагч бид байгаль, соёлын өвийг сурталчлан таниулагч “Ногоон-хамгаалагч” уриан дор тэмдэглэж байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан “Жуулчны хөтөч – тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам”-ын талаар танилцуулж, санал бодлоо солилцож байгаа юм. Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, хөтөч тайлбарлагч нараас гишүүнчлэлийн 600 мянган төгрөгийн хураамжийг авахаар шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд баталсан журмаар бүх жуулчны хөтөч тайлбарлагч мэргэжлийн үнэмлэхтэй байна. Үнэмлэх авахын тулд ур чадвар, ерөнхий мэдлэгийг шалгалтыг өгнө гэсэн юм.
“ХӨТӨЧИЙН ҮНЭМЛЭХ АВАХЫН ТУЛД УР ЧАДВАР, ЕРӨНХИЙ МЭДЛЭГИЙГ ШАЛГАЛТЫГ ӨГНӨ”
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг:
-Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 онд 23 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн салбарын сайдын тушаалаар Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан “Жуулчны хөтөч – тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам”-ыг баталсан юм. Аялал жуулчлалын салбарт хөтөч тайлбарлагч нар эх орныхоо нүүр царай болдог.
Тэр утгаараа мэргэжлийн ангилал зэрэглэл тогтоож, олон улсын жишгийн дагуу ажиллана. Энэ журмыг хэрэгжүүлэхэд алдаа оноо гарвал нэмэлт өөрчлөлтийг хийх нь зөв гэж ярилцаж байна.
Цаашдаа хөтөч тайлбарлагч нарыг мэргэшүүлж, ангилал зэрэглэл тогтооход анхаарч ажиллана. Салбар яамнаас мэргэшүүлэх сургалтуудыг шат дараатай зохион байгуулна. Өмнөх жилүүдэд гарч байсан хөтөч тайлбарлагч нартай холбоотой гэмт хэрэг, харилцааны асуудалд анхаарч, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр аялал жуулчлалын салбарт ахиц гарна гэж бодож байна гэв.
Уг чуулганыг 2018 болон 2019 онд хоёр удаа зохион байгуулахдаа хөтөч тайлбарлагч нар нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны дарамт, жуулчны хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл зэрэг асуудлаар голлон хэлэлцэж тодорхой санал зөвлөмж гарган зохих байгууллагуудад дуу хоолойгоо хүргэж, шийдвэрлүүлж байжээ.
Харин энэ удаагийн чуулганаар дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, байгаль, соёлын өвийг хамгаалахад хөтөч тайлбарлагчийн гүйцэтгэх үүргийн талаар лекц илтгэлүүд тавьж байлаа.