Украины армийн командлагч Валерий Залужный Даваа гаригт ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан. Энэ үеэр Зеленский түүнийг халах тухайгаа хэлсэн гэж хэвлэлээр мэдээлээд буй. Зеленский, Залужный нарын дунд үл ойлголцол үүссэн тухай цуу яриа газар авсаар эцэст нь ийм мэдээлэл гарч байна.
Залужныйг халсан тухай албан ёсоор мэдэгдсэн зүйл үгүй бөгөөд Лхагва гаригийн байдлаар тэр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Залужныйн халагдах тушаал энэ долоо хоногийн сүүлээр гарах гэнэ. Залужный үнэхээр халагдвал Орос, Украины дайн эхэлснээс хойш Зеленскийн арми анх удаа томоохон хэмжээний өөрчлөлт хийлээ гэсэн үг.
Гэхдээ Зеленскийн хэвлэлийн төлөөлөгч Серхий Ныкыфоров Даваа гаригт энэ цуу яриаг худал гэж няцаасан. Украины Батлан хамгаалах яам ч бас цахим хуудсандаа “Хүндэт сэтгүүлчид ээ, бүгдэд чинь хурдхан хариулъя. Үгүй, энэ мэдээлэл худал” гэж нийтэлжээ. Даваа гаригийн ээлжит мэдээллийн цагаараа Зеленский армийн командлагчийн талаар огт дурдаагүй.
Даваа гаригийн уулзалтад Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров ч оролцжээ. Тэд хоорондоо тайван ярилцаж, Залужныйд Зеленский өөр ажлын байр санал болгосон гэж эх сурвалж хэлэв. Гэвч Залужный татгалзсан аж.
Залужныйгийн дараагийн хүнээр хоёр командлагчийг нэр дэвшүүлээд байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Тэдний нэг нь Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн дарга Кирило Буданов бол нөгөөх нь Украины Газрын хүчний командлагч Александр Сырский гэлээ.
Эх сурвалж: CNN