Дайн эхэлснээс хойш Украины тал амь үрэгдсэн цэргүүдийнхээ тоог нууцалсаар ирсэн. 2022 онд тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк 13 мянган цэрэг дайнд үрэгдсэн гэж мэдээлснээс хойш ямар нэгэн тоо баримт өгөөгүй юм.
Тэгвэл Зеленский ням гарагт /2024.02.25/ Киевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр анхны удаа дайнд амь үрэгдсэн цэргүүдийн тоог мэдээлсэн байна.
Тэрбээр “Энэ дайнд 31 мянган Украин цэрэг амь үрэгдсэн. Путин худлаа ярьж байгаа, 300 мянга эсвэл 150 мянга биш. Тэгсэн ч гэсэн бидний хувьд том гарз хохирол” гэжээ. Зелеснкий ОХУ байлдааны стратеги боловсруулахдаа ашиглаж магадгүй хэмээн бэртсэн цэргүүдийн тоог нууц хэвээр үлдээсэн юм.
Дайны улмаас амь үрэгдсэн цэргүүдийн тооны талаар “New York Times” сонин АНУ-ын албан тушаалтнуудаас иш татан өнгөрсөн жилийн наймдугаар сард мэдээлсэн.
АНУ-ын албан тушаалтнууд тус сонинд дайн эхэлснээс хойш 70 мянга гаруй Украин цэрэг, 120 гаруй Орос цэрэг амь үрэгдсэн гэж хэлсэн юм. Тэгвэл Украин амь үрэгдсэн цэргүүдийнхээ талаар мэдээлэл өглөө.
ОХУ-ын хувьд байлдаанд амиа алдсан цэргүүдийнхээ тоог нууцалдаг тул мэдээлж байгаагүй. Зеленский хэвлэлийн бага хурлын үеэр 180 мянган Орос цэрэг амь үрэгдсэн гэж хэлсэн байна. Гэхдээ хоёр тал бие биеийнхээ хохирлыг хөөсрүүлж мэдэгддэг билээ.
Эх сурвалж: Reuters