Өнгөрсөн Ням гарагт Йорданы хойд хилийн ойролцоох “Tower 22” цэргийн бааз дроны халдлагад өртөхөд АНУ-ын гурван алба хаагч алагдаж, 40 гаруй хүн шархадсан билээ.
Уг халдлагыг Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн юм.
АНУ-ын засаг захиргаа уг халдлагын хариуг арга хэмжээг хатуу авахаа амлаж байв.
Тэгвэл өнөөдөр өглөөнөөс эхлэн тус улсын зэвсэгт хүчин Ирак болон Сири улсын нутаг дэвсгэрт оршдог Ирантай холбоотой нийт 85 байнд агаараас довтолж эхэлсэн байна.
АНУ-ын зэвсэгт хүчний төв командлал (CENTCOM) Ираны Хувьсгалт Гвардын харьяа Кудс элит хүч болон түүнтэй холбоотой зэвсэгт бүлэглэлүүд цохилтын бай болж буйг мэдээлжээ.
“Манай хариу цохилт өнөөдөр эхэлж байна. Цохилт бидний сонгосон хугацаанд, бидний сонгосон байрлалуудад явагдах болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.
Цагаан ордон Йорданы халдлагын гол буруутнаар Ираны эрх баригчдыг нэрлэж байв. Уг халдлагад ашигласан нисгэгчгүй онгоцыг Иранд үйлдвэрлэсэн байсныг тагнуулын алба мэдээлсэн юм.
Харин Ираны эрх баригчид үүнийг эрс няцааж, зэвсэгт бүлэглэлүүдийн шийдвэр гаргах үйл явцад Тегеран оролцдоггүй хэмээн мэдэгдэж байв.
Өнөөдрийн цохилт Иран улсын нутаг дэвсгэр болон Улаан тэнгис дэх Ираны байлдааны хөлгүүдийг чиглээгүй, зөвхөн хилийн чанад дахь буюу Ирак, Сирийн нутаг дахь байнуудыг чиглэж байна.
Үүнийг АНУ-ын эрх баригчид Ойрх Дорнодод шинэ дайн дэгдээхээс зайлсхийж буйн илрэл гэдэг.
Аравдугаар сарын 7-ны халдлагын дараа эхэлсэн Хамас-Израилийн дайнаас хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагад олон удаа өртсөн. Гэхдээ Йорданы халдлагаар л зөвхөн хүний амь үрэгдсэн юм.
“Бидэнд хор хөнөөл учруулахыг санаархаж буй бүгд үүнийг мэдвэл зохино. Хэрвээ Америк хүнийг хохироовол бид хариуг нь өгдөг юм” гэж Байден өнөөдөр хэлжээ.
Эх сурвалж: BBC