Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2023.12.25/ боллоо. Шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар цаг үеийн асуудлаар мэдээллийг хүргэж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд Гал түймэр унтраах, аврах ангиуд нийт 102 удаагийн /объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны 7/ дуудлагаар аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан.
Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 12 иргэнийг аварч аюулгүй байдлыг ханган ажиллалаа…” гэв Мөн галын дуудлагын шалтгаан, нөхцлийг авч үзвэл ихэнх нь цахилгаан угсралт ашиглалтын буруу, ил гал, яндангийн цооролтоос үүсч байгаа аж. Ялангуяа зуслангийн бүсэд байшин шатах, хог шатаах, цаг агаарын хүйтрэлтэй холбоотой гал түлэх тохиолдол нэмэгдэх зэргээс шалтгаалж байгааг дурджээ.
Мөн гацууртай холбоотойгоор гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдсэн тул иргэдийг гацуураа асаалттай орхиж явахгүй байхыг, аюулгүй байдлаа хангахыг сануулсан юм.