Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус нэгдүгээр сарын 20-ноос үйлчилгээнд гарсан. Гэвч шийдвэр хэрэгжээд нэг ч хонолгүй нийгмийг стресстүүлсэн билээ. Тиймээс шинэ чиглэлийн шийдвэрээ эргэн харна гэдгээ нийслэлээс мэдээлсэн. Удаа ч үгүй нэг хоногийн дараа буюу өчигдөр шөнө /2024.01.21/ 23:40 цагт шуурхай мэдээлэл хийж зарим маршрутыг хуучин хэвээр нь үлдээхээр боллоо гэв.
Тодруулбал, иргэдийн санал гомдолд үндэслэж зарим чиглэлийг хуучин хэвээр үлдээх болсныг судалгааны багаас танилцууллаа.
Өнгөрсөн Бямба гаригт нийслэлээс өгсөн мэдээллээр, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчихоор болсон. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарч буй. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явахаар болсон төдийгүй тус чиглэлүүд нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой болохыг тайлбарласан.
Харин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээхэн бухимдаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нийтийн тээврийн татаасыг машин цагаар тооцож олгодог болсноос хойш маршрутын давхцал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зам дээр автобус нь гараад зогсож л байвал хүн тээвэрлэж байгаа эсэхээс үл хамааран татаас авч байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг маршрут төлөвлөлт талаасаа анхаарахаа больсон байгаа юм. Энэ буруу зохицуулалтыг өөрчилж, маршрут төлөвлөлтийг зөв хийхээр зорьсон.
Төвийн магистрал замуудаар зургаан гол чиглэлийн төлөвлөлийг хийсэн бөгөөд бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд уг зургаан чиглэлтэй огтлолцож, богино эргэлтээр дамжин суух нөхцөлийг бүрдүүлсэн.
Дамжин суух бололцоог бүрдүүлэх үүднээс Сүхбаатарын талбайн урд автобусны буудал нээсэн. Улаанбаатар хотын замын нөхцөл байдлыг харахад автобус эргэх уулзвар бараг байхгүй. Хуучны автобусны зогсоол, депо, цахилгаан троллейбус явж байсан шугамуудыг хувьчлах нэрээр хувийн байгууллагуудад алдчихсан байна. Тиймээс автобус эргэх бололцоотой цэгүүдийг төлөвлөж, буцаж эргэх буюу богинын холбоосоор холбож, зорчилтыг удаахгүй буюу дараагийн цэг рүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа. Бид замын нөхцөл байдалдаа тулгуурлаж төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо гэсэн юм.
НИЙТ ЗОРЧИЛТЫН 35 ХУВЬ ХУУЧИН ЧИГЛЭЛЭЭР ЯВНА
Албаныхны дээрх мэдэгдлээс хэдхэн цагийн дараа өнөөдрөөс үйлчлэх шинэ чиглэлүүдийн хуваарийг танилцуулсан. Ингэснээр хуучин явж байсан доорх 71 чиглэлийг өнөөдрөөс эргэн сэргээж байна. Харин шинэ төлөвлөлтөөр энэ амралтын өдрүүдэд 74 чиглэлд автобус явсан ба үүний 28 чиглэлийг хэвээр үлдээхээр болжээ.