Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсынхаа ард иргэдэд хандан мэндчилгээ дэвшүүлсэн. Харин түүнийг үг хэлэх үеэр иргэдийн хариу үйлдэл бүхий нийтлэлүүд цахим орчинд түгсэн. Энэ дунд нэгэн гэр бүлийн хүүхдүүд доромж бүхий дохио зангаа гаргасан үйлдэлд цагдаагийн байгууллагаас шалгаж, иргэн М.Бат-Оршихын гэр бүлд зөрчлийн хэрэг нээжээ. Иймд түүнтэй холбогдон тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр “Өчигдөр /2024.01.01/ бидэн рүү цагдаагаас холбогдсон. Энэ дагуу очиж мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн процессын талаар мэдээлэл өгөхгүй байх баталгаа гарын үсэг зурсан учраас мэдүүлгийн талаар ярих боломжгүй байна.
Бид хүүхдүүддээ үг үйлдлийг нь зааж өгөөгүй. Гэвч өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр хүндэд халдсан зүйл ангийг уншиж, зөрчлийн хуулийн түргэвчилсэн арга хэмжээгээр шийдвэрлэн 100 нэгжээр торгууллаа.
Бичлэгийг цагдаагаас шаардлага тавьж устгуулахаас өмнө бид өөрсдөө устгасан. Цахим орчинд маш хурдтай тархсан байна лээ. Сошиал хэрэглэгчдийн дайралт, хараал зүхэл маш их байсан. Хүүхдүүд маань ч их цочирдсон. Бүгдийнх нь биш нэг хоёр хүүхдийн царай тод гарсан учраас таньдаг мэддэг хүмүүс чат бичсэн. Одоогоор хүүхдүүд маань цахим дайралтад цочирдсон учраас бага зэрэг айдастай байна. Бид тайвшруулж байгаа” гэлээ.