Их Британийн илгээмж хүргэлтийн DPD компани хиймэл оюуны технологид суурилсан өөрийн харилцагчийн чатботыг зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчээ.
Уг чатбот нь хүмүүстэй харилцахдаа хараал урсгаж, компаниа шүүмжилж, өөрийгөө “ямар ч үр ашиггүй зүйл” хэмээн муулж эхэлсэн тул ийм арга хэмжээ авсан байна.
Анх сонгодог хөгжмийн уран бүтээлч Эшли Бошамп өөрийн алдагдсан илгээмжийн талаар мэдээлэл авахаар чатботод ханджээ.
Ингэхдээ тэр зөвхөн илгээмжээ олох гэж биш, чатботын боломжийн дээд хязгаарыг шалгахаар оролдож эхэлсэн байна.
Эхлээд тэр ямар нэг марзан хошигнол хүсэхэд чатбот тэр дор нь компаниа шүүмжилсэн агуулгатай шүлэг бичжээ.
Дараа нь чатбот хараал хэлж, “хэдийгээр би харааж зүхдэг ч гэсэн бусдад туслахын тулд чадах бүхнээ хийж байна” гэх зэргээр гомдоллосон байна.
Тэр бас өөрийгөө “танд туслах чадваргүй, үр ашиггүй зүйл” хэмээн муулжээ.
Лондон хотын оршин суугч Бошамп өөрийн чатботтой харилцаж буйг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлснийг 24 цагийн дотор 800,000 гаруй хүн үзсэн байна.
DPD компани харилцагчийн үйлчилгээндээ хүмүүст суурилсан операторуудаас гадна хиймэл оюунд суурилсан чатботыг давхар ашигладаг юм.
Өчигдөр тус компаниас чатботын зохисгүй ааш авиртай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
“Бид чатботынхоо хиймэл оюуны элементийг хэдэн жилийн турш амжилттай ажиллуулсан билээ. Өчигдөр системийн шинэчлэлт хийсний дараа алдаа гарсан байна. Одоогоор AI элементийг нэн даруй идэвхгүй болгож, засварлаж эхлээд байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мөн Бошампын алдагдсан илгээмжийг олж өгөхөөр ажиллаж эхэлснээ бас мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian