Сирийн хилийн ойролцоо Йордан улсын нутаг дэвсгэрт алба хааж байсан АНУ-ын гурван цэргийн алба хаагч өчигдөр нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, амиа алджээ.
Өөр 34 цэрэг ямар нэг хэмжээгээр шархадсан тухай Цагаан ордон мэдээлсэн байна.
Энэ нь Газын зурваст дайн эхэлснээс хойш АНУ-ын армийн амссан анхны хүн хүчний хохирол болжээ.
Ерөнхийлөгч Байден цохилтыг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэнийг мэдэгдэж, хатуу хариу арга хэмжээ авахаа амласан байна.
“Халдлагын талаар баримт цуглуулах ажил үргэлжилж байгаа ч Сири, Иракт үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй радикал зэвсэгт бүлэглэл үйлдсэн гэдгийг бид мэдэж байна. Буруутай бүх этгээдүүдэд бид цаг тухайд нь өөрийн сонгосон арга замаар хариуцлага тооцно” гэж Байдены мэдэгдэлд өгүүлжээ.
Нисгэгчгүй онгоц өглөө эрт хуарангийн ойролцоо довтолсон нь хохирол их байх үндэс болсон гэж Пентагоны албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Ирак дахь Исламын Эсэргүүцэл нэртэй зэвсэгт бүлэглэл халдлагыг үйлдсэнээ хүлээжээ.
Йордан улсын засгийн газар халдлага нутаг дэвсгэрт нь биш, хөрш Сирийн нутагт болсон гэж мэдээлсэн байна.
“Америкийн зэвсэгт хүчнийг чиглэсэн халдлага Йорданы нутагт болоогүй. Сирийн нутаг дахь Аль-Танф баазад болсон” гэж Йорданы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Муханнад Мубайдин мэдэгджээ.
Аравдугаар сарын 7-ны үйл явдлын дараа Газын зурваст Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ирак, Сири дэх Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд АНУ-ын зэвсэгт хүчний эсрэг 150 гаруй удаагийн халдлага зохион байгуулаад байна.
Ням гарагийн халдлагаас өмнө өнгөрсөн хугацаанд АНУ-ын 70 орчим алба хаагч эдгээр халдлагуудын улмаас шархадсаны ихэнх нь тархиндаа гэмтэл авч байжээ.
Хэдийгээр Цагаан ордон АНУ-ын зэвсэгт хүчин дайнд оролцож буйг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч Ойрх Дорнодод байлдааны ажиллагаа тасралтгүй явуулсаар байгаа.
Тухайлбал Ирак, Сирийн нутагт Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагын хариуд, Улаан тэнгисийн ачаа тээврийн замыг хамгаалахын тулд Йемений босогчдын байрлалуудад агаарын цохилт өгсөөр байна.
Палестины Хамас зэвсэгт байгууллагын төлөөлөгч Сами Абу Зухри өчигдрийн халдлагын талаар “Америкийн гурван цэрэг алагдсан нь Газын зурваст үйлдэж буй хядлагыг зогсоохгүй бол тус улс улам их хор хохирол амсахыг анхааруулж байна. Газын зурваст Америк-Сионистуудын түрэмгийлэл үргэлжилсээр байвал бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдах болно” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters