ОХУ-ын Зэвсэгт хүчинд элссэн гадаадын иргэд Оросын иргэншил авах боломжтой болжээ. Ерөнхийлөгч Путины нэгдүгээр сарын 4-нд гарын үсэг зурсан зарлигт энэ талаар тусгасан байна.
Иргэд дотоодын дайчилгааг эсэргүүцэх хандлагатай байгаа учир ОХУ гадаадын иргэдийг армид элсүүлэхээр эрмэлзэх болсон. Путин өнгөрсөн сарын 14-ны өдөр Орост хоёр дахь хэсэгчилсэн дайчилгаа шаардлагагүй гэж мэдэгдсэн. Гэхдээ 2022 оны есдүгээр сард эхний дайчилгааг зарлахаасаа өмнө ч мөн ижил төстэй мэдэгдэл хийж байжээ. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 17-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дотоодоос ямар ч дайчилгаа хийхгүй гэж үзэж байна.
Харин сонгуулийн дараа хэсэгчилсэн бус бүрэн дайчилгаа зарлаж магадгүй гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов анхааруулжээ.
Нэгдүгээр сарын 4-ний зарлигт дурдсанаар Оросын армид элссэн гадаадын иргэдээс гадна тэдний төрөл төрөгсөд, хүүхдүүд нь иргэншил авах эрхтэй болох аж. Түүнчлэн эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаанаар гэрээгээ дуусгавар болгосон гадаадын цэрэг дайчид иргэншил авах боломжтой гэж заажээ.
Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ОХУ сонгуулиас өмнө дотоодын дайчилгаа хийхгүй тул оронд нь гадаадын иргэд, цагаач ажилчдыг армид элсүүлэхийг оролдож байгаа аж. Тухайлбал, Армен, Казахстанд цэрэг татлагын зар сурталчилгааг цахимаар цацсан байна. Кремль Төв Азийн зургаан сая цагаачийг боломжит элсэгчид гэж харж байна. Түүнчлэн Балба, Куба улсуудад Оросын армид элсэх сонирхолтой хүмүүсийг элсүүлэх зорилготой хууль бус сүлжээг илрүүлжээ.
Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT