Газ тээвэрлэхэд мөрддөг журам, зөвшөөрөл авсан эсэх талаар “Дашваанжил” ХХК-ийн Бүс хариуцсан захирал Л.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсад хийн аж ахуйн техник ашиглалт, аюулгүйн ажиллагааны дүрэм байдаг. Дүрмийн хүрээнд шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх автомашинууд тоноглогддог. Аюултай ачааг тээвэрлэх дүрэм, шаардлагууд бий. Энэ стандартын дагуу тээвэрлэх автомашинаа тоноглож, үзлэгт оруулсан. Үүнийг хариуцсан авто бааз манай компанид бий. Шаардлага хангасан тээврийн хэрэгслээр үйлчилгээгээ явуулдаг.
Одоогийн байдлаар орон нутгийн болон хот дотор торхтой буюу даралтат савтай 20 орчим машин шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байна.
Бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа болон дэлхийн стандартын шаардлага хангасан ОХУ, БНХАУ, БНСУ, Японд үйлдвэрлэсэн LPG буюу шингэрүүлсэн нефтийн хийг тээвэрлэдэг машиныг худалдаж авч, ашигладаг. Авахдаа хамгийн сайн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг авдаг. Тусгай зориулалтын машин учир зах дээрээс дураараа авдаг тээврийн хэрэгсэл биш.
2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу явсан. Заасан маршрут, цагт стандартын шаардлага хангасан машинаар хийн түлшээ тээвэрлэж явсан.
Хот хоорондын тээврийн зөвшөөрлийг хагас жил тутамд авсан. Шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Осолдсон тээврийн хэрэгсэл хотыг нэвтэрч гарч байсан.
Осолдсон цистерн машиныг 2024 оны нэгдүгээр сард авсан шинэ машин. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан юм.
Компанийн дэргэд сургалтын төвтэй. Жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хийн газ тээвэрлэх сургалтад хамрагдсан.
Гал юунаас болж гарсан талаар мэдээлэл өгч чадахгүй.
Шингэрүүлсэн шатдаг хий буюу нефтийн хий агаартай холилдсон тохиолдолд шатах шинж чанартай, химийн аюултай бодисын ангилалд ордог.
Гаднаас оч өгсөн тохиолдолд шатах урвал явагдаж эхэлдэг. Хаанаас оч өгснийг мэргэжлийн байгууллагууд тогтооно” гэв.
“Дашваанжил” ХХК-ийн Авто станц борлуулалт үйлчилгээний албаны дарга Д.Баянмөнх “22:00 цаг хүртэл хот дотор тээвэрлэлт хийхэд В, С зөвшөөрөл авдаг.
22:00 цагаас хойш том оврын автомашинууд тээвэр хийх ёстой байдаг учир шөнийн цагаар орон нутаг руу гарч хүрэх газраа хүрч жолооч нараа амрааж байгаад цааш явдаг.
Осол гарсан өдөр Замын-Үүд рүү 15.7 тонн хийн түлш хүргэхээр явж байсан.
Агуулахын аюулгүй байдлаа дотооддоо хангаж, мэргэжлийн байгууллагаар шалгуулж, зөвшөөрлөө авдаг” хэмээн ярилаа.
Компанийн зүгээс хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзаж байгааг хэлсэн юм.