Эдийн засагч Ч.Хашчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2023 онд төсөөлснөөс өөдрөг гарсан. Тэгвэл энэ жил эдийн засагт ямар хүлээлт ажиглагдаж байна. УИХ-ын сонгуулийн дараа эдийн засаг хүндэрч магадгүй гэсэн болгоомжлол ч бий?
-Ерөнхийдөө 2023 оны байдал үргэлжилсээр байна. Монголын макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтмол байна. Гэсэн хэдий боловч хөдөө аж ахуйн байдал эрс муудсан, түлш шатахуун, цахилгааны хязгаарлалтын хүчин зүйлс хэвээр байна.
-Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд уналттай гарсан. Харамсалтай нь, энэ жилийн зуд, турханаас болоод олон сая малаа алдлаа. Малын хорогдол цаашид ч үргэлжилнэ гэж УОК-оос мэдэгдсэн?
-Хөдөө аж ахуйн салбарын тухайд өнгөрсөн 2023 онд 8.9 хувийн уналттай гарсан. Энэ жилийн хувьд ч хүнд жил тохиож байгаа учраас уналтын хувь хэмжээ нь ижил түвшинд байх болов уу хэмээн таамаглаж байна.
-Монголын эдийн засгийн нэг чухал салбар нь хөдөө аж ахуй. Гэхдээ хөдөө аж ахуйгаас эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр муу байгаа. Үүнийг хэрхэн сайжруулах ёстой вэ?
-Хөдөө аж ахуйн салбар өөрөө маш том салбар. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэх мэт олон том салбар хамаардаг. Тийм учраас бүхэлд нь хөдөө аж ахуйг хамарсан бодлого хэрэгжүүлэхээс илүүтэй үйлдвэрлэлийн салбараар нь ангилж, дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байх. Тухайлбал, газар тариалан эрхлэгчдийн эрсдлийг бууруулах, зардлыг багасгах зэрэг төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тариалангийн салбарын тухайд “Атрын аян-III” хэрэгжсэнээс хойш арван жилийн дотор Монгол Улс дотоодынхоо улаанбуудайн хэрэглээг 100 хувь хангадаг болсон. Дараагийн зорилт хүнсний ногооныхоо хэрэглээг 100 хувь хангах, жимс жимсгэнэ, тахиа, гахайны махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Мал аж ахуй гэдэг байгалийн эрсдэл өндөр учраас малын даатгалд олон айл өрхийг хамруулах, өвлийн бэлтгэлийг нь халуун, дулаан үед албадан хийлгэх маягаар зохион байгуулахгүй бол малчид бэлтгэлээ сайн хангахгүй байна. Тиймээс бараг захиргааны аргаар бэлдүүлэх, стандарт мөрдүүлэх нь зүйтэй байж болох юм. Дараа дараагийн жилүүдэд ч байгалийн эрс тэс уур амьсгал зонхилж, гамшиг зуд, ган гачиг гэх мэт байгалийн гамшиг үргэлжлэх нь тодорхой.
-Монгол Улсын 80 гаруй хувьд зудын эрсдэл тохиосон энэ үед Ардчилсан намын бүлгээс малчдын зээлийг нэг удаа тэглэх хуулийн төсөл өргөн барьсан бол Шадар сайд арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж малчдын зээлийг зургадугаар сар хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ үйл явц эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Ер нь бол энэ төрлийн арга хэмжээг аль болох авахгүй байх нь зөв. Санхүүгийн хувьд хувиараа аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн тухайд өөрсдөө эрсдэлээ тооцож зээл аваад түүнийгээ амьжиргаандаа зарцуулсан байх. Тийм учраас цас зудны эрсдэл тохиосон энэ үед тодорхой хугацаагаар эргэн төлөх хугацааг хойшлуулах асуудал байж болох юм. Харин зээлийг тэглэх асуудал бол эдийн засгийн хувьд ямар ч утгагүй асуудал юм.
“ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ ЭРЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ИНФЛЯЦИЙГ ӨСГӨХ АЮУЛТАЙ БАЙДАГ”
-Дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг олгохоор байна. Ойрын саруудад инфляцийн хэмжээнд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх болов уу?
– Дээрх арга хэмжээнүүд бүгд эрэлтийг нэмэгдүүлэх, инфляцийг өсгөх аюултай байдаг. Санхүү эдийн засгийн талаасаа макро эдийн засгийн өнөөгийн блансыг алдагдуулах, үнийн өсөлтийг бий болгох, импортыг их хэмжээгээр бий болгох аюул бий. Гэхдээ заавал ийм байдлаар үр дүн гарна гэж байгаа юм биш. Сүүлийн гурван жилийн өрхийн орлого, зарлагыг авч үзвэл иргэдийн бодит худалдан авах чадвар буурсан байсан.
Тийм учраас цалин, тэтгэврийн нэмэгдэл нь өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн бууралтыг тодорхой хэмжээгээр нөхөж байна гэж үзэж болно. Ялангуяа цалин багатай эмч, багш нар, төрийн албан хаагчдын хувьд цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болсон.
Мөн тэтгэвэр авдаг ахмад настануудын хамгийн доод хэмжээний тэтгэвэр, тэтгэмж нь амьдралд хүрэлцэхгүй байх тохиолдол байгаа учраас тодорхой хэмжээгээр өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны мөнгийг нэг удаадаа иргэдэд олгохоос илүүтэй улс орныхоо макро эдийн засгийн нөхцөл байдлыг дэмжих үүднээс энэ мөнгөөр цахилгаан станц, гангын үйлдвэр, зэс хайлах үйлдвэр барих хэмжээний мөнгө юм л даа.Үнэн хэрэгтээ нэг удаа мөнгө тараахаас илүүтэй улс орны хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудаа явуулж, үйлдвэрүүдээ байгуулсан бол ирээдүйд хүртэх үр өгөөж өндөр, Монголын эдийн засгийг бодитойгоор бэхжүүлсэн арга хэмжээ болох байсан юм.
-Том зургаараа улс орны эдийн засаг тогтмол өсч байгаа боловч энэ өсөлт өрх гэрийн хаалгаар бүрэн дүүрэн орохгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна, та?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд уул уурхайн экспортоос үүдэн өсч байна. Экспортын орлого өндөр байгаа нь бүх салбарт эдийн засгийн тодорхой хэмжээний өсөлт гарч байна. Тэр дундаа уул уурхай, тээврийн салбарт энэ өсөлтийн хувь хэмжээ өндөр байна. Гэхдээ энэ орлого, өсөлт өрх бүрийн үүд хаалгаар орохын тулд хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь нэн чухал байна. Нэгдүгээрт, ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал байна. Одоогийн байгаа ажлын байруудыг аваад үзвэл дийлэнх нь барилга, худалдаа, үйлчилгээний салбарт байна. Эдгээр салбарын цалин хөлс төдийлөн өндөр биш учраас ажиллаж байгаа хүмүүстээ хангалттай орлого төдийлөн өгөхгүй байна. Тиймээс бодит асуудал юу байна гэхээр яаж өндөр цалинтай ажил бий болгох вэ гэхээр барилга, худалдаа гэхээсээ илүүтэй орчин үеийн технологи бүхий аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх буюу дээр дурдсан томоохон үйлдвэрүүдийг байгуулж, эдийн засгийн аюулгүй байдал талаас, бүтцийн өөрчлөлтөд анхаарч түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээж цалин хөлс, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлж байж одоогийн уул уурхайн үнийн өсөлтийг түшиглэсэн эдийн засгийн өсөлт илүү бодитой эдийн засгийн өсөлт бий болох боломжтой. Харамсалтай нь, энэ чиглэлийн эдийн засгийн засгийн өсөлтөд төдийлөн анхаарахгүй байна.
-Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих талаар олон жил ярьж байгаа боловч татварын бодлогын дарамт өндөр байгаа талаар бизнес эрхлэгчид хэлж байна?
– Сүүлийн жилүүдэд татварын бодлогыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид рүү чиглүүлж, дэмжих талаас нь анхаарч ажилласан. Гэхдээ одоогийн татварын бодлого аж үйлдвэрийг байгуулах, үйлдвэрийн салбарыг байгуулах, хөгжүүлэхэд төдийлэн чиглэсэн гэж хэлэхэд хэцүү. Татварын тогтвортой байдлын бодлого явуулж байгаа болохоос татварын түвшинг бууруулж, томоохон үйлдвэр байгуулсан компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлж хараахан чадахгүй байна. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлье, шинэ технологи бүхий салбаруудаа хөгжүүлье гэвэл ганцхан татварын бодлогод анхаарах биш цогц бодлого хэрэгжүүлж байж татварын, зээлийн хүүгийн, экспортыг дэмжих, тоног төхөөрөмж түүхий эдийн импортын татвараас чөлөөлөх, ажлын байр бий болгосон бол тодорхой хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэх гэх мэт цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй.