Япон болон ОХУ нь Номхон далай дахь хэдэн арлын эзэмшлийн маргаанаас үүдэн дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд энхийн гэрээ байгуулаагүй. Тэгвэл ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев өчигдөр Токиод хандан хэлсэн үгэндээ, “Энх тайвны гэрээ байгуулахыг хүсч байвал бүлэг арал дахь газар нутгийн эзэмшлээсээ татгалзах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Медведевийн үг нь Японы хойд бүс нутаг гэж нэрлэгддэг Курилын арлуудын асуудлаар Токиогийн дургүйцлийг төрүүлэв. Дөрвөн хэсгээс бүрдэх бүлэг арал нь Японы хойд хэсгийн гол арал болох Хоккайдогийн ойролцоо оршдог бөгөөд ОХУ-тай харилцааны гол тээг байсаар ирсэн.
Хоёр талын дипломатууд энхийн хэлэлцээрийн хүрээнд дөрвөн арлын хоёрыг нь Японд буцааж өгөх тухай ЗХУ-ын үеийн гэрээний төслийг сэргээх боломжийн талаар ярьж байсан удаатай. Гэвч Орос улс нь хөрш Украинд дайн хийснээс болж Японы талаас хориг арга хэмжээ авч, улмаар харилцаа улам хурцадсан. Тиймээс Орос улс Японтой ярилцаж байсан энхийн гэрээний хэлэлцээрээс гарч, 2022 онд арлуудтай холбоотой эдийн засгийн хамтарсан төслүүдээ царцаасан юм.
Харин Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Оростой энхийн гэрээ байгуулахыг дэмжиж буйгаа хэлсний дараа Медведев дээрх мэдэгдлийг хийжээ.
Өнгөрсөн 2020 онд ОХУ-ын Үндсэн хуульд газар нутгаа харийн гүрэнд шилжүүлэхийг хориглосон нэмэлт өөрчлөлт оруулсан.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS