Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ сарын 23-нд шинэчлэн байгуулжээ.
Ингэснээр манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэх, хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байгаа юм байна.
Шинэчлэн байгуулж буй Агаарын харилцааны тухай хэлэлцээрт “Хууль, дүрэм дагаж мөрдөх”, “шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран ашиглах”, “түрээс”, “хөөрөлт, буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх” зэрэг шинэ заалтууд нэмэгджээ.
Нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудыг /In-Flight Security Officer/ зорчихыг зөвшөөрөх, хэлэлцэн тохирогч талууд тухай заалтуудыг тусгасан байна. Ингэснээр хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид дурын агаарын хөлгийн маягаар долоо хоногийн 7 удаагийн давтамжаар зорчигч тээврийн нислэг үйлдэх, дан ачаа тээврийн нислэгийг давтамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэхээр болов.
Хоёр талын томилогдсон агаарын тээвэрлэгчид Европ болон Төв Азийн доорх цэгүүдэд агаарын тээврийн тавдугаар эрх эдлэн зорчигч тээврийн нислэг үйлдэхээр тохирчээ.
Европ дахь цэгүүд:
Албани, Армени, Австри, Азербайжан, Бельги, Босни Герцеговина, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Гүрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд , Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Молдав, Монтенегро, Нидерланд, Хойд Македон, Норвеги, Польш, Португал, Румын, Серби, Словак, Словени, Испани, Швед, Швейцар, Турк, Украин.
Төв Ази дахь цэгүүд: Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан.
Одоогийн байдлаар ИБУИНХУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэгийг “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг “Изинис Эйрвэйз” ХХК үйлдэхээр томилогдсон байна.