Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээндээ эдийн засгийн өсөлтүүдээ онцолсон. Ингэхдээ эдийн засгийн өсөлтүүд энэ онд өрх бүрт хүрнэ гэсэн үгэнд нь та хэр итгэлтэй байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засаг, дэлхийн эдийн засгийн нэг өчүүхэн хэсэг. Бид түүхий эд гаргаж хатуу валют олоод түүгээрээ хүнс болон бусад орчин үеийн хэрэглээнд шаардагдах бүхнийг авч хэрэглэдэг хэрэглэгч ард түмэн. Тиймээс дэлхийн эдийн засаг ямар байх нь улсын эдийн засагт их нөлөөтэй. Нөгөө талаас, түүхий эдийн үнэ ханш ямар байх, урд хөршийн эдийн засаг ямар байх нь манай эдийн засагт шууд нөлөөлнө. Хүн төрөлхтөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиолдоогүй эдийн засгийн нэн хүнд үеийг туулж байна. Бүтэн гурван жил үргэлжилсэн цар тахал улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Мөн Орос-Украины дайн улс орнуудын геополитикийн сөргөлдөөнийг улам хурцатгаад зогсохгүй эдийн засаг санхүүд бодитоор хүндрэл учруулж эхэллээ.
Дэлхийн олон улсад инфляци болон “гадаад өр”-ийн хямралын талаар ярьж байна. Хятадын эдийн засаг зогсонги байдалд орлоо, үл хөдлөх хөрөнгийн хямрал нүүрлэлээ, эсхүл гадаадын хөрөнгө оруулалт эргээд гарч байна гэх таагүй мэдээ сонсогдох боллоо.
Бизнес зогсч, зээлийн хүрэлцээ багасахтай зэрэгцэн өргөн хэрэглээний бараа, хүнсний үнийн өсөлт, шатахуун эрчим хүчний хэрэглээний үнэ өсөж байна. Улс орнууд цойлсон үнээ хазаарлах, цар тахлын хүнд үед хаалгаа барьсан олон мянган жижиг дунд төдийгүй хувийн хэвшлээ дэмжих замаар эдийн засгийн уналтаа зогсоох талаар парламент дээрээ мэтгэлцэж, хямралаас гарах элдэв арга сүвэгчилж байна.
Монгол Улсын хувьд ч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна.
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнууд сүүлийн 40 жилд байгаагүй өндөр инфляциа ямарч байсан хазаарлаж авлаа. Төв банкууд нь инфляцийн давалгааг бууруулж, уналтаас сэргийлж чадсан боловч “ялалтаа тэмдэглэх” гэж яарахгүй байгаа. Инфляцийг онилдог гурван эдийн засаг тутмын хоёрт нь инфляци зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байна. 2024 онд таван улс тутмын хоёрт, тэр дундаа хөгжиж буй таван орны нэгд инфляци хоёр оронтой тоонд байх болно гэж Дэлхийн банк тооцоолжээ.
Энэ онд Монгол хоёр оронтой инфляциас буухгүй гэдгийг өнгөрсөн оны сүүлээр баталсан үрэлгэн төсөв, энэ онд үргэлжлэн хэрэгжих сонгуульд зориулсан “тооцоо судалгаагүй” бодлогоос тодорхой харагдаж байна.
Сонгууль хүртэл асар их хэмжээний бэлэн мөнгө цацахаар, тодруулбал төрийн албан хаагчдын цалин нэмэх, тэтгэврийн хэмжээг өсгөх, хувьцааны ногдол ашгийг тараах зэргээр манай эдийн засагт хортой бодлого энэ жил үргэлжилнэ. Үр дүнд нь, УИХ-ын сонгуулийн дараа төсвөө тодотгоно. Инфляциа хоёр оронтой тоонд алдана. Төсвийн алдагдал улам ихэснэ. Ер нь маш тааруу л таамаглалтай байна.
-Таныхаар бол эдийн засгийн өсөлт өрх гэр бүлийн хаалгаар орно гэдэгт итгэлгүй байгаа юм байна. Тэгвэл өрх гэр, аж ахуйн нэгжийн орлогыг сайжруулахад юуг анхаарвал зохилтой вэ?
-Энэ жилийн эдийн засгийн өсөлт бол цэвэр нүүрснийх. Ойролцоогоор эдийн засаг зургаан хувь өсөхөөр байгаа. Үүний 3.5 хувь нь уул уурхай, 1.2 хувь уул уурхай дагасан тээврийн салбарт оногдож байгаа. Эндээс бүх зүйл ойлгомжтой харагдаж байна. Энэ оны 12 сарын эхний байдлаар Монгол Улсын экспортын орлого нийт 13.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс манай хатуу валют олдог голлох бүтээгдэхүүн болох нүүрснээс 8 тэрбум, зэсийн баяжмалаас 2.4 тэрбум ам.доллар олжээ.
Уул уурхайн борлуулалтын орлогоос төсөвт татвар хэлбэрээр хангалттай мөнгө орсон. Гэвч төсвийн бодлого нь үрэлгэн тооцоо судалгаагүй байхад яаж өрхийн орлогод эерэгээр нөлөөлөх вэ дээ.
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Дэлхийн банктай хамтарч хамгийн сүүлд 2020 оны ядуурлын үр дүнг танилцуулж байсан. Ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байв. Энэ тоо өссөн үү гэхээс огт буураагүй. Яагаад гэвэл энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ хэд дахин өслөө, орлого бага боловч нэмэгдэж байгаа нь үнэн боловч гурав дахь жилдээ хоёр оронтой тоонд байгаа инфляци хуу сорчихож байна шүү дээ.
Эдийн засгийн өсөлтийг өрх гэрийн үүд хаалгаар оруулахын тулд юуг анхаарах вэ гэвэл бодлого хэрэгтэй. Тэр бодлого нь хувийн хэвшлээ дэмжихэд оршино. Би ганц статистик хэлье.
-За.
-Өнгөрсөн 2022 оны эцсээр татварын байгууллагад бүртгэлтэй аж ахуй нэгжийн тоо 218 мянгад хүрсэн. Гэвч татварын тайлан ирүүлж байгаа нь 150 мянга. Үүнээс тал нь буюу 70 мянга нь “Х” тайлан гаргажээ. Аж ахуй нэгжийн орлогын тайлан болон хувь хүний орлогын тайлангаа 8 улирал дараалан гаргаагүй 38 мянган аж ахуй нэгжийг Хуулийн этгээдийн бүртгэлийн хуулиар бүртгэлээс хассан. Энэ бол асар олон аж ахуй нэгж хаалгаа барьж байна гэсэн үг. Цаана нь иргэд ажилгүй, орлогогүй болж байгаа аймшигтай тоо.
Өөрөөр хэлбэл, нүүрсний орлогоосоо шалтгаалсан макро үзүүлэлт ярьж, цээжээ дэлдэх биш харин хувийн хэвшлээ, аж ахуй нэгжүүдээ татварын болон бусад бодлогоор дэмжиж байж өрх бүр орлоготой болно. Маш энгийн бодлого.
-Энэ онд улсын төсөв 27 их наяд болж тэлсэн. Мөн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ногдол ашгийг сонгуулийн өмнө тараах магадлалтай байна. Ийм шийдвэр гарвал инфляцид хэрхэн нөлөөлөх бол?
-Өнгөрсөн оны төсвийг батлахад Монгол Улсын түүхэнд анх удаа төсөв 20 их наядын босго давлаа гэж шогширч байсан бол нэгхэн жилийн дотор 27 их наядад хүргэчихлээ. Энэ нь, төр бизнест гүн бат шигдэж орлоо гэсэн үг. Төр данхайж биш, төр бизнестэй өрсөлдөж биш харин элдэв дарамтгүй, татварын таатай орчин бүрдсэн тийм нөхцөлд л бизнес амилж иргэд ажилтай орлоготой болдог.
Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахаа болиод удаж байна. Тэлсэн төсөв Төв банкны бодлогыг чангаруулдаг. Иймээс бодлогын хүү чангарч арилжааны зээлийн хүү өсдөг.
Арилжааны банкууд өндөр хүүтэй, эрсдэл өндөр зээл гаргах биш өндөр өгөөжтэй Төв банкны үнэт цаас худалдан авахыг чухалчилдаг. Иймээс аж ахуй нэгжүүдэд өндөр үнэтэй арилжааны зээлийн олдоц эрс хумигддаг. Энэ нь аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох эсвэл бүтээгдэхүүнийхээ үнэ өсгөхөөс өөр сонголтгүй болгодог.
Төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцийг хязгаарлахад чиглэх ёстой. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наяд, 2022 онд нэг их наядын алдагдалтай гэж тайлагнасан хэдий ч “Ирээдүй өв сан”-гаас төсөвт ашигласан 1.4 их наяд төгрөгөө санаатай орхигдуулсан. Энэ бүхнийг тооцож үзвэл өнгөрсөн дөрөвхөн жилд Монголын төр түүхэндээ анх удаа 13 их наяд төгрөгийн алдагдал буюу өрийг ирээдүй хойчдоо үлдээх шийдвэр гаргажээ. Энэ их хэмжээний өр нь цаашид үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавар дагуулна.
-Ахмад настны тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалин дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдэнэ. Энэ нь иргэдийн орлогыг дэмжих бодит шийдвэр болж чадах уу?
-Чадахгүй. Сонгуулийн өмнө төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг арав орчим хувиар нэмэх ажээ. Энэ нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр юм. Ойрын жилүүдэд тэтгэврийн өрийг тэглээд зогсохгүй тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс өөр нөлөө үзүүлсэнгүй. Иргэдийн амьдралд ч бодитоор наалдсангүй. Улам бүр ядуурлын түвшин нэмэгджээ.
Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой.
Сонгууль дөхөх тусам эрх баригчид гурван секторын сонгогчдод хайр зарлаж эхэлдэг. Нэгд, 240 мянга орчим малчид бий. Тэдний НДШ-ийг 50 хувь хөнгөлж, НӨАТ төлөхгүй гэсэн шийдвэр гаргалаа. Хоёрт, 225 мянган төрийн албан хаагч болон 67 мянган төрийн өмчит компанийн ажилчдын цалинг нэмнэ. Гуравт, тэтгэврийн ахмад настан ойролцоогоор 500 мянга бий. Тэдний тэтгэврийн хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмнэ. Шууд хэлбэл, ийнхүү сая гаруй сонгогчдыг татвар төлөгчдийн мөнгөөр авилгадаж санал авах шийдвэр гаргажээ.
Үр дүнд нь эдийн засагт эргэлдэх мөнгөний тоог нэмэгдүүлж, үнэ өсөх, ханш сулрах нь олон аж ахуй нэгжүүд хаалгаа барих, өсөж дэвжихгүй байх үндэс суурь тавигдана. Хатуухан хэлэхэд, улсаараа тоглоод дуусч байна.
-Ахмадын тэтгэврийн доод хэмжээ 650 мянган төгрөг болж байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага үүсэх үү?
-Өнгөрсөн 2023 оны сүүлчээр хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон.
-Сонгуулийн тойргийг томсгож улсыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх шийдвэр гаргаж байгаа нь төсвийн хуваарилалтыг үр дүнтэй бөгөөд оновчтой захиран зарцуулахад бодит нөлөөлөл үзүүлж чадах уу?
-Бас л чадахгүй. Төсөв мөнгөний бодлогоо ойлгодог хүмүүс парламентэд олонх болсон тохиолдолд улс орны хөгжил, дэвшил ярьж болно. Түүнээс биш ямарч сонгуулийн сайхан систем байсан ч УИХ-д суугаад юу хийхээ мэдэхгүй, ойлгохгүй хүмүүс сонгуульд баахан мөнгө цацаж гарч ирээд улс орны амьдрал шууд элгээрээ хэвтэнэ. Тийм нөхцөл нь бүрдчихсэн байгаа.
Монгол Улс төсөв, мөнгөний бодлогын хямралд орсон. Нэмээд гадаад өрийн, ханшийн сулралын, өндөр инфляцийн, ядуурлын, авилгын гээд тоочвол эдийн засаг санхүү, нийгмийн хэд хэдэн гүн хямралд өртчихсөн байгаа.
Бид дампуурсан Шри-Ланк, Бангладеш зэрэг улсаас ч долоон дор макро эдийн засгийн үзүүлэлттэй байгаа. Хаяанд байгаа Хятад улс руу түүхий нүүрсээ хүрздэн тээвэрлэж очоод хэдэн юань олоод амь зогоож, өнөө маргаашаа өнгөрөөж байна.