Монголчууд могойноос сүрхий цэрвэнэ. Айна гэж жигтэйхэн. Хээр гадаа харвал хам хумгүй зугтаана. Замд нь тааралдвал тайван явахыг нь хүлээн зогсох ба зам мөр нь хазайлаа гэж үзэн бишгүй зан үйл хийнэ. Лусын амьтан гэж үздэг учраас болгоомжлоно гэж жигтэйхэн. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэх үг монголчуудын амьдралын гүн ухаан төдийгүй хөгшин хөвөөгүй мөрдлөг болгохыг хичээнэ.
Орчин үеийн ангаах ухааны бэлгэдэл нь могой бөгөөд түүний хорыг ашиглан олон төрлийн хорт өвчнийг анагаах ерөндөг гарган авдаг ч тунг нь хэтрүүлбэл ямар эм хор болдогийг мэдсээр байж хоол шиг хэрэглэх нь харамсалтай. Монголын нийгэмд өвчлөл маш өндөр болсныг элдэв статистик харах шаардлагагүй бөгөөд байр болгоны доод давхарт хүнсний дэлгүүртэй зэрэгцэн оршиж эмийн сангаас жишээнээс харж болно. Монголчууд эмийг хоол шиг хэрэглэдэг болсны нэгэн жишээ тэр бөгөөд Монголд хамгийн ашигтай бизнест зүй ёсоор тооцогдох болжээ.
…Цээрлэн, цэрвэж явсан монголчууд өдгөө могойг ил тодоор зарлаагүй ч ихэд сүсэглэн хандана.
Могой архийг хамгийн хүндэлж дээдэлсэн хүндээ барих бол ахмадууд могойн тосны ач тусын талаар магтаад барахгүй. Баяжихыг хүсэгчид могойн чуулган үзэхээр өч төчнөөн зардал гарган хөдөөг зорих бол сошиал орчинд хандалт авах гэсэн этгээдүүд зураг, бичлэгийг нь оруулж, сохроор итгэгсэд түүнийг нь түгээх нь нэн шинэ монголын нэгэн үзэгдэл. Могойг ер нь л аюултай, муухайтай, хараалтай зүйрлэдэг монголчууд цагийн аясаар өөрчлөгдөв.
“Муу хорт могой” гэх зүйрлэл өмнө нь адгийн амьтан болохыг шууд л илтгэдэг байсан бол өдгөө залууси өхөөрдөм зүйрлэл болох нь холгүй болсон төдийгүй гэргийгээ ингэж хэлэх нь энүүхэнд…
Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэх үг монгол хүн хэн болохыг шууд л заагаад өгнө. Монгол хүний сайн эсвэл муу явах нь өөрөөс нь бус өрөөлөөс их шалтгаална. Өнөөдөр 3,5-хан сая хүнийг ийм шившигтэй амьдруулж буй төрийн удирдагчдаа бүгд хараан зүхнэ. Тэдгээр адгийн амьтад хувиа бодож, довоо шарлуулсаар байхад эрх мэдэл өгсөн хүн нь өөрсдөө гэдгийг мэдэх ч өөрт нь ер буруу байхгүй.
Монгол хүний сайн сайхан амьдрах нь өөрөөс бус бусдаас хамааралтай бол муу муухай явах нь бас л мөн л адил. Хүнээр зүйрлэвэл нялх хүүхэд л гэсэн үг. Идэж, уух нь, өмсөж зүүх нь, явах суух нь гээд бүгд яг хүүхэд шиг бусдаас хамааралтай. Биднийг бид өөрсдөө хөгжүүлнэ гэж хэн нь ч итгэдэггүй бөгөөд харин хэн нэгэн хөгжүүлнэ гэж үнэн голоосоо боддог. Зам дэд бүтэц, технологийн дэвшлийг эзэмшсэний хүчинд монголчууд дэлхийг донсолгож явсан гэдэгтэй бүгд санал нийлэх ч түүний шалтгаан нь ямар нэгэн суу заль, далдын хүчинд байсан гэж бат итгэнэ.
Хүний гараар могой бариулах гэдэг атлаа бусдын гавъяаг өөрийн болгохдоо гаргууна. Өнөөдрийн улстөрчид гайг өнгөрсөн рүү чихдэг. Гэтэл өнгөрсөн ч тэд л байсан нь хачин. Бид шууд буруугаа хүлээн зөвшөөрдөггүй улс. Энэ философи улс орны том асуудал дээр ч илэрнэ.
Монголд монгол биш оросууд л тусална гэж өнөө хэр нь итгэдэг бол Монголыг арчаагүй байгаа нь монголтой холбоотой биш хятадуудаас шууд хамааралтай болчихно.
Иймээс ч цус ярих дуртай бөгөөд өдий хүртэл ядуу, буурай, хээл хахууль, авлига, халамж, дээрэм газар авсан нь цөөнхийн цөөнх болсон цус холилдсон хүмүүстэй, тэр дундаа хятадтай дэр нэгтгээд хэдэн зууны өмнө өөд болсон хэн нэгэнтэй холбоотой байдаг нь хачин.
МАН засгийн эрх барьж буй хэр нь төрийн албанд авлига, хулгай дээд цэгтээ хүрсэнд энэ намд огт хамаагүй. Арваад жилийн өмнөх эрх барьж байсан амьтай төдийхөн байгаа нөхдүүд л буруутай. Өөрсдийг нь шүүмжилж, үнэнийг нь хэлвэл трол, худалч, гадны гар хөл, хөлсний явуургүй амьтан болно. Төрөөс хулгайлсан хулгай нь илэрчээд байхад ямар ч хариуцлага тооцохгүй, хэрэг нээхгүй хэр нь хэлэлцээгүй шүүх нь буруутай болчихно. Шүүхэд ч том асуудал байгаа төдийгүй шударга бус шийдвэр гаргаж буй нь шүүхийн буруу биш бөгөөд хуулийн буруу болно. Хууль тогтоогчид нь хуулиа засахын оронд улам ихээр цоолдог бөгөөд өөрсдийнхөө ажлын хийж чадахгүй байж шүүх эрх мэдэлтэй дүйцэхүйд зүйлийг сонсгол нэрийдлээр хийдэг болов. Түүнд хэнийг авчирч, хэрхэн гутаах, хэнийг оролцуулахгүй хэрхэн сайн хүн болгохыг эрх баригчид шийдээд байгаа хэр нь яг ял асуувал хэн ч юм, хаанаас ч юм ховсдоод буй тухай балар эртний балай юм ярина. Судалгаа, шинжилгээтэй мэдээлэл түгээхийг хэвлэлийнхнээс шаардаж томорхох атлаа ямар чч судалгаагүй улс орны асуудлыг шийддэг төдийгүй тэрхүү шийдвэрийг гаргахад мөнөөх муу хэлээд байдаг өнгөрсөн үеийн, огт ондоо нөхцөл байдлын дүн шинжилгээнд тулгуурласан байх жишээтэй.
Монгол могойн хорлол болжээ. Эрчүүд нь архинд живээд буй нь өөрөөс нь, ажилгүй байгаагаас, боловсролтой огтхон ч хамаагүй бөгөөд адын архинаас л болсон. Цаад утгаараа буруутан нь архи үйлдвэрлэгч. Тэднийг зогсоо гэж хашгирч байна. Удахгүй эрх баригчид ногдол ашиг тараах бөгөөд тэр нь мөн л могойн хорлол болж Монголын эдийн засагт маш муугаар нөлөөлнө.
Могойн хорлол болсон болохоор хүүхдүүд эмнэлгээр зулж, өвчлөл нэмэгдэж, төгрөгийн ханш унаж, шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалт хийх болжээ. Олон толгойтой могойд орох газар олдоггүй гэгчээр хичнээн өөрсдийгөө зөвтгөж, бурууг бусад руу чиглүүлэвч эрх баригчдаас энэ бүхний хариуцлагыг нэхэж таарна. Тэднийг харин могойн хорлол болсныг хэн үгүйсгэх билээ. Монголчууд удахгүй сайныг дагах сонголтоо хийнэ. Гэхдээ хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа болохоор могойн хорлол болох магадлал өндөр.
Эх сурвалж News.mn