Монголын үндэсний музейгээс Цагаан сарын баярт зориулан “Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэн зохион байгуулж, уламжлалт сав суулга, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл, уламжлалт тоглоом наадамтай холбоотой 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлэхээр болжээ.
Тодруулбал, “Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэн 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр 11:40 цагт Монголын үндэсний музейд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгээр монголчуудын уламжлалт зан үйл, шүтлэг бишрэл, идээ ундааны соёл, мэндлэх хүндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай зэрэг олон зан үйлийг залуу хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх, музейн сан хөмрөгт хадгалагдах үе үеийн урчуудын бүтээж буй болгосон өв соёлыг сурталчлах, үзмэрийн хийц, үүрэг, зориулалтын талаар таниулах аж.
Түүхээс үзвэл, эртний монголчууд Хүннү гүрний үед идээ ундаа элбэг намрын сарыг “Сүүн сар” хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байжээ. Харин XIII зуунаас эхлэн Чингис хаан цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгон хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар өтгөс буурлуудад хувь хүртээж, Есөн хөлт цагаан тугаа тахин, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд, түшмэд ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон байна. Энэ тухай Марко Поло “Татаарын ёсонд шинэ он хоёрдугаар сард эхэлдэг. Тэд бүгд заншил ёсоор эрэгтэй, эмэгтэй ялгалгүй чадах чинээгээрээ цагаан хувцас өмсдөг”хэмээн тэмдэглэжээ.
XVII зууны үед Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон түүхтэй ба өдгөө хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн түүхтэй.