Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдэж, гамшигт үзэгдэл болохыг цаг уурчид анхааруулсан. Гэвч энэ анхааруулгыг үл тоон хол замд бэлтгэлгүй гарч, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавих иргэдийн тоо буурсангүй. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж буй.
Гэвч хэдэн зуугаараа орон нутгийг зорьж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, албаныханд хүндрэл учруулж байна.
Албаныхан цас зуданд өртсөн малчдад арайхийн туслахын хажуугаар анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоон хийморио сэргээхээр орон нутгийг зорьсон иргэдийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай болж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулав.
Хэлж сануулсаар байтал сар шинийн баярын дараа Шилийн богд, Бурхан халдун хайрхан руу хэдэн зуугаараа зорчиж байгаа нь харамсалтай.
Үүний улмаас Мандалговийн замд автобус шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Азаар хүний амь нас эрсдээгүй ч олон хүн бэртэж гэмтээд байна. Энэ мэт цасан шуурга, зам даваа халтиргаатай байгаагаас шалтгаалан орон нутгийн замд хэд хэдэн осол бүртгэгдэв.
Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Б.Ууганбаяр “Онцгой байдал болон бусад холбогдох байгууллага цаг уурын сэрэмжлүүлэх үзэгдлийн мэдээллийг цаг тухайд нь шуурхай өгч байгаа. Одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулахад үндэсний хэмжээнд энэ мэдээллийг бүрэн хүлээж авах боломжтой болсон. Уг нь Гамшгаас хамгаалах тухай хуулиар “Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг ард иргэд дагана” гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч ард иргэд заавар зөвлөмжийг хайхрахгүйгээр орон нутаг руу хөдөлгөөн үйлдэж, цасанд сууж гацсан тохиолдолд их гардаг.
Сүүлийн 72 цагийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсч, энэ болгонд онцгой байдлын байгууллага хүн хүч, машин техникээ гаргаж ажилладаг. Энэ бүхэнд шатахууны зардал гаргана.
Миний санаж байгаагаар таван жилийн өмнө “Ийгл” телевизээр мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагахгүй байгаа иргэдээс тэнд гарч буй зардлыг нөхөн төлүүлэх асуудлыг ярьж байсан. Энэ асуудал тухайн үед яригдаж байгаад зогссон. Ер нь мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаагүй тохиолдолд нөхөн төлбөр төлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тэр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө хэлж сануулж байхад эрсдэл дагуулж, бага насны хүүхэдтэй олноороо төөрч байна. Өөрөө хэнэггүй зангаараа явж байгаа ч үр хүүхдээ давхар эрсдэлд оруулж байгаа нь харамсалтай. Нэг жишээ татахад, Казахстан улсад цаг агаарын мэдээг олон нийт рүү хандаж дамжуулсан тохиолдолд бүх хүмүүс суурин газраа зогсчихдог. Тэгээд цаг агаар нь хэвийн болсны дараа замын хөдөлгөөнд оролцдог. Цаашдаа ард иргэд энэ болгоныг ойлгож ухамсарлан, соёлдоо өөрчлөлт оруулах болов уу гэж найдаж байна” гэдгийг хэлсэн юм.
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
- Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
- Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.