-Иргэдийн зүгээс удахгүй хэрэгжих Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн талаар мэдээлэл багатай байна. Хуульд шинээр тусгасан заалт юу байна. Онцлох заалтаас дурдвал?
-Би та бүхэнд урьдчилсан байдлаар баталсан хуулийн төслөөс танилцуулъя. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хуулийн төслөө өргөн барьсан. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 6-нд дуусна. Үүний дараагаар албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хүрээнд зарим нэг өөрчлөлтийг хийсэн. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй холбогдуулан хэд хэдэн анхаарах зүйлс бий.
Хуучин үзлэг оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалд хуулийн зохицуулалт байхгүй байсан. Энэ удаа шинэ хуулийн зохицуулалт орж, агаарын бохирдлын төлбөр, зам болон замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж, торгууль оногдуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ заалтыг оруулсан.
Өөрөөр хэлбэл, жолооч Түгжрэлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш торгуулиа бүрэн төлсөн байхыг шаардана. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцоно гэж ойлгож болно.
Бас нэг заалт гэвэл, өмнө нь жолооч нар 15 хоногт торгуулиа сайн дураараа төлөх зохицуулалттай байсан. Үүнийг биелүүлэхгүй бол шүүхэд шилжүүлдэг байсан. Энэ зохицуулалт хэрэгжихгүй, торгууль төлөлт 38 хувиас дээш гардаггүй байсан. Энэ удаа уян хатан зохицуулалт орж, торгууль оногдуулснаас хойш 15 хоногт төлбөл 50 хувь хөнгөлнө. Хугацаа хэтэрвэл 50 хувь нэмж төлнө. Үүнтэй холбоотойгоор ХЗДХЯ болон Улсын ерөнхий прокурор хамтран журам баталж, мөрдүүлнэ. Журмыг боловсруулж байгаа. Ингэснээр жолооч нар хуулийн 15 хоногт торгуулиа төлөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг зохицуулна.
-Торгуулиа төлсөн эсэхэд цагдаа нар хяналт тавих юм уу?
-Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн кампанит ажлыг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар автомашины дугаарын хязгаарлалтаар зорчиход хяналт тавьж байгаатай адил бүсчилсэн гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршилд 455 RFID уншигчийг байршуулсан. Эдгээрт цагдаагийн албан хаагчийг ажиллуулна. Цагдаагийн албан хаагчид гар уншигчаар мэдээллийг шалгах юм.
-Түгжрэлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр жолооч торгуулиа бүрэн төлсөн байхыг шаардана гэлээ. Нэг жолооч 20 мянган төгрөгийн торгуультай байсан ч хязгаарлана гэж ойлгох болох уу?
-Та өнөөдөр хэдэн төгрөгийн торгууль авсан байна тэр торгуулийг сайн дураараа төлөх 15 хоног нь хэтэрсэн бол хязгаарлана. Харин 15 хоног дотроо замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг торгуультай гэж үзэхгүй. Хэдэн төгрөгөөс дээш бол хязгаарлана гэж байхгүй.
Энэ зохицуулалттай холбоотой түр журмыг батлах байх. Өмнөх оных байна уу, энэ оных байна уу та хуулийн 15 хоногоос хэтэрсэн торгуультай л бол хөдөлгөөнийг хязгаарлана.
Статистик мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 728 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрээс 436 мянган автомашин торгуультай байна. Шинэ оны гарсны дараахан Түгжрэлийн тухай хууль хэрэгжих гэж байгаатай холбоотойгоор жолооч нар татвар, торгуулиа идэвхтэй төлж байна гэх мэдээлэл ирсэн.
– Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Түгжрэлийн тухай хуулийн зохицуулалтын дагуу НИТХ-д нэг санал оруулна. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтооно. Үүнтэй холбогдуулан хотын даргаас НИТХ-д нийслэл дэх тээврийн хэрэгслийг тогтоох тогтоолын төслийг өргөн барина. Энэ сардаа багтаад хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Хэмжээний хувьд хэд хэдэн хувилбар бий. Эцэслэн тогтоогоогүй байна.
Харин Түгжрэлийн тухай хуулийн үзэл баримтлал дээр Улаанбаатар хотод төлбөртэй бүсчлэл тогтоох заалтыг тусгасан байсан. Хоёр дахь хэлэлцүүлэгт энэ заалтыг эргэн татсан. Энэ талаарх заалт огт байхгүй болсон гэсэн үг.
-Тэгвэл шинэ хуульд төлбөртэй авто зогсоолыг хэрхэн тусгасан бэ?
-Түгжрэлийн тухай хуульд төлбөртэй авто зогсоолын тухай заалтыг шинээр тусгасан. Улаанбаатарын хэмжээнд байгаа зогсоолыг өмчийн бүх хэлбэрээс үл хамаарч нэг стандарт, төлбөрийн системд шилжүүлнэ. Хувийн зогсоолын үйл ажиллагааг түр зогсоож, стандартад нийцүүлэх ажлыг хийнэ. Төлбөр тооцооны хувьд цахимжина. Улаанбаатарт ажиллаж байгаа зогсоол хамгийн доод тал нь нэг цагийн төлбөр нь 500 төгрөгөөс эхэлж байгаа.
-Нийтийн тээвэр, такси үйлчилгээний төлбөрийн системийг шинэчлэн тогтоох уу?
-Нийтийн тээврийн төлбөрийн системтэй холбоотой заалтад өөрчлөлтийг хийгээгүй. Хуучин байсан хуулийн зохицуулалтаараа явж байгаа. Харин хотын даргын зүгээс төлбөр төлөх системд шинэчлэлийг хийж, эхний улиралдаа батлах байх. Харин такси үйлчилгээний тусгай үйлчилгээ олгодог болно. Хэрэв зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн хувь хүн, хуулийн этгэээдийг торгох зохицуулалт орж ирсэн.
Энэ зохицуулалт 2024 оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэр болтол бэлтгэл ажлаа хангана.
Үүнд, “UB CAB” такси үйлчилгээг хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, энэ компани такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүй гэсэн үг. Үнэ тариф дээр хатуу үнэ тогтоохгүй. Одоогийн байдлаар энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 10 хүрэхгүй аж ахуйн нэгж бий.