Цагаан сарын баяр болоход 20 гаруй хоног үлдээд буй. Энэ үеэр иргэдийн худалдан авалт ихэсдэг. Зах зээл дээр эрэлт өсөхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ өсч, арилжаа наймаачид гэнэтийн ашиг олдог нь хэдийнэ тогтсон хэв маяг болжээ. Нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийслэлийн хэмжээнд гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийн мөн үеэс 0,6 хувиар өмнөх сараас 2,3 хувиар өссөн байна.
Тухайлбал, хонины мах 1,1 хувь, сонгино 2,4 хувь, төмс 4 хувь өссөн бол өндөг 0,4 хувиар буурчээ.
Харин аймгийн төвүүдийн гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад тогтвортой байна. Орон нутагт хонины ястай мах 0,3 хувь, үхрийн мах 1,3 хувь, нэгдүгээр гурил 0,06 хувиар, шинэ сүү 2,7 хувь тус тус өсчээ.
Иргэдийн хамгийн их худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үнэ ердөө долоо хоногийн дотор 0,5-1 хувиар өссөн үзүүлэлт нь цагаан сар ойртож буйтай холбоотой байж болох юм.
2023 оны гуравдугаар улирлын дүнгээр өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 30 гаруй хувийг мах, махан бүтээгдэхүүн, 25 орчим хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 10 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 10 орчим хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж буй.
15 ШИРХЭГТЭЙ УЛ БООВ, СУУРЬ ЕЭВЭНГИЙН БАГЦ 96 МЯНГААС ЭХЭЛЖ БАЙНА
Цагаан сарын баяраар өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн бол хэвийн боов. Ул боовны нэг ширхэгийн дундаж үнэ энэ жил 5000-5200 төгрөг байна. Гэхдээ үйлдвэр бүрээсээ шалтгаалж үнийн дүн харилцан адилгүй байгаа юм.
Тухайлбал, “Өгөөж, чихэр боов” компани 15 ширхэг хэвийн боов, еэвэнгийн багц 96 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ. Бусад үйлдвэрүүдийн ижил багцын үнэ 76-105 мянган төгрөгийн хооронд байна.
Хонины ууцны дээд үнийн дундаж 450-520 мянган төгрөг доод үнийн дундаж 260-280 мянган төгрөг байгаа юм. Сүүн ааруулын дундаж үнэ 32-35 мянган төгрөг байгаа бол хорхой ааруулын дундаж 22-24 мянган төгрөг, задгай сүү 3500-3800 төгрөг, шинэ сүү 4500 төгрөг байна.
ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ НЭМЭГДЖЭЭ
Мөн цагаан сарын баяртай холбоотойгоор арилжааны банкнуудаас зээл авах иргэд ихэссэн байна. Тэр дундаа зарим ахмад настан баяраа тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс тэтгэврийн зээл их хэмжээний дүнгээр авахаас гадна цалингийн зээлийн хүсэлт ч нэмэгджээ. Өнгөрсөн 2021 оны статистикаар нийт өрхийн 55 хувь буюу 520 мянга орчим өрх зээлтэй амьдарч байна. Харин энэхүү үзүүлэлт 2022 онд 2.1 нэгж хувиар нэмэгдсэн бол 2023 оны зээлийн индексээр ч мөн өссөн дүнтэй гарчээ.
2022 оны байдлаар нийт өрхийн цалингийн зээлийн хэмжээ өмнөх оноос 45,6 хувь, өрхийн хэрэглээний зээл 20,3 хувь болж өмнөх оноос 2,6 хувиар буурсан. Харин 2023 оны нийгэм эдийн засгийн индексийг энэ долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос танилцуулна.
Тэтгэврийн зээлийн дундаж хэмжээ 2022 онд 1,9 сая төгрөгөөр буюу хоёр дахин нэмэгджээ. 2022 оны арван хоёрдугаар сарын байдлаар банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны 6,5 хувиар өсч 22 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкнаас дурдсан. Энэ жил ч мөн зээл авагчдын тоо өссөн байгаа аж. Зарим арилжааны банкны өгсөн мэдээллээр тэтгэврийн зээл авах хамгийн өсөлттэй сар нь нэгдүгээр сар байдаг байна.
Өргөн хэрэглээний зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцож үзвэл энэ жил нэг айл дунджаар 1-1,5 сая төгрөгөөр зөвхөн ширээгээ засах нь. Үүн дээр шинэ дээл хувцас, золголтын мөнгө, гарын бэлгийг нэмвэл хоёр сая төгрөг хол давах нь…