Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар Б.Бямбадоржийг томилжээ. Шинэ он гаргаад, түрүүчийн даваа гарагт ажлаа хүлээн авсан байна.
Б.Бямбадорж өмнө нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байв. Түүнийг өнгөрөгч 2023 оны гуравдугаар сард ажлаас нь чөлөөлсөн. НЭМГ-ын даргад цар тахлын үеийн хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон, үүний дараа тус газрын ажилчдын 40 орчим хувь дарамт, шахалтаас болж чөлөөлөгдсөн байдаг.
Улмаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын тушаалаар Б.Бямбадоржийг НЭМГ-ын даргаас чөлөөлсөн.
Түүний өмнө Б.Бямбадорж нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ч ажиллаж байв. Тэр үед мөн хэл ам тойроогүй, цар тахлын үед хувийн эмнэлгээр дамжуулан мөнгө угаасан гэх асуудал ч сөхөгдөж байлаа.
Харин одоо Б.Бямбадоржийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар очсонд эмч, ажилчид дургүй байна.
Б.Бямбадорж ЕТГ-ын дарга Я.Содбаатартай нэг нутаг, Өвөрхангай аймгийнх. Олон том “ар”-тай, эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалуудад шууд томилогддог, сэлгэдэг гэдгээр нь эмч нар илүү мэдэх юм.