ЖДҮ-гийн хэрэг гэгчийг тодорхой шийдэж чадаагүй сууж байтал нийгэмд “Нүүрсний хэрэг” гэх нэр томьёо бүлэг хулгайчдынхаа нэрстэй гарч ирээд удаж байна. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэж, хэн гэгч эрх мэдэлтэн хариуцлага хүлээх бол гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна.
Тэгвэл ийм төрлийн хулгайг дахин өөгшүүлэхгүйн тулд нүүрс тээврийн асуудлыг ил тод мэдээлж байхаар болжээ. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслэлийн мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй болгохоор зохицуулжээ.
Энэ талаарх мэдээллийг сонирхсон иргэд, компани, аж ахуйн нэгж http://erdenesmongol.mn цахим хуудсанд нэвтрэн танилцах боломж бүрдсэн байна.
“Эрдэнэс Монгол” компани нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг. Тус авто зам дагуу хоёр байршилд өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын системийг нэвтрүүлэн хөндлөнгийн хяналтыг сайжруулж эхлээд байгаа аж.
Хяналтын камерийн систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх цаашлаад хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилна гэдгийг албаныхан мэдээлэв.