Өнгөрсөн Хацү башёд түрүүлэхэд ганц даваа дутсан сэкивакэ Котоновакаг озэки цол хүртсэнийг сүмогийн холбоо өчигдөр/2024.01.31/ албан ёсоор зарлалаа. Өдгөө 26 настай Чиба мужаас гаралтай түүний хувьд сүмогийн гэр бүлээс гаралтай. Түүний өвөө ёкозүна Котозакүра бол аав нь түүний дэвжээний багш, сэкивакэ асан Мацүяа Конно аж.
Түүний аав Мацүяа Конно ид барилдаж байхдаа Котоновака гэх нэртэй байсан бөгөөд хүү нь аавынхаа нэрийг өвлөн авчээ. Сүүлд гарсан мэдээллээр Котоновака ирэх тавдугаар сарын башёгоос эхлэн өвөөгийнхөө нэрийг өвлөн Котозакүра гэх нэртэйгээр барилдах аж.
Сүмогийн холбооны тэргүүлэгч гишүүд дуу нэгтэйгээр түүнийг озэки цолонд дэмжжээ.
Котоновака озэки цол хүртсэн талаараа “Озэки цолны нэр хүндийг өндөр өргөж, сүмогийн төлөө өөрийгөө бүрэн зориулах болно” гэжээ. Харин түүний дэвжээний багш буюу аав нь “Түүнд дахиад давж гарах даваа бий. Би түүнд озэки цол бол чиний урт аяллын нэг зогсоол гэж хэлсэн” гэв.
Шинэ озэки цолтны хувьд 189 см өндөртэй, 117 кг жинтэй нэгэн. Тэрбээр өнгөрөгч башёд 13 даваа, хоёр унаатайгаар ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй аваргын төлөө нэмэлт барилдаан хийн ялагдсан билээ. Котоновака сэкивакэ болон комүсүби цолтой гурван башё дараалан нийт 33 даваа авсан амжилттайгаар озэки цолны болзол хангажээ.
Ийнхүү дөрвөн озэки цолтон ирэх гуравдугаар сарын 10-ны өдөр Осакад эхлэх башёд зодоглох болж байна.