Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.
Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар